Ч.Содномцэрэнгийн багт талархал илэрхийлье

Монголчууд ирэх дөрвөн жилийн сонголтоо хийлээ. Энэ сонголтыг хийх боломжийг олгож, гол ажлыг нугалсан Ч.Содномцэрэн даргатай Сонгуулийн Ерөнхий хорооны хамт олонд талархал илэрхийлье. Төрийн ажлыг гайхалтай сайн зохион байгууллаа гэж урамшуулъя.
Сонгуулийн санал хураалт дуусангуут сонгогчдод сонголтынхоо эхний үр дүнг харах боломжийг олгож, шуурхай ажиллалаа. Мэдээлэл, технологийн эрин зуунд ажиллаж, амьдарч байгааг маань мэдрүүлж, бодит үр дүнг харууллаа. Энэ шуурхай, ил тод, нээлттэй байдал сонгуулийн үр дүнгээс хамаарсан ямар нэг үймээн самуун, үл ойлголцол, хардлага үүсэхээс сэргийлж чадлаа. Нэр дэвшигчид ч, сонгогчид ч сонгуулийн зохион байгуулалтын ажилд сэтгэл хангалуун байгаа гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн төв байгууллага сонгох, сонгогдох эрхийг хангалттай эдлүүлсэн гэдэгтэй маргах хүн үгүй болов уу.
Парламентын анхны сонгууль 1992 онд зохион байгуулагдаж, монголчууд долоо дахь удаагаа сонголтоо хийлээ. Өнгөрсөн хугацаанд сонгуулийн үр дүнг энэ удаагийнх шиг шуурхай, нээлттэй хүлээн авч байсангүй. Тиймдээ ч түүхийн хуудсанд хараар тэмдэглэгдсэн “7 дугаар сарын 1”-ний үйл явдал болж, дахин давтагдах вий гэсэн болгоомжлолыг төрүүлсээр буй.
Харин энэ болгоомжлолыг Сонгуулийн ерөнхий хорооны зохион байгуулалт, технологийн шинэчлэл, ил тод нээлттэй байдал үгүй болгож чадлаа. Нөгөө талаар Монголын ард түмэн ч төр барилцах үндсэн эрх, үүргээ хангалттай биелүүлж, саналаа өглөө. Сонгогчдын ирцэнд ч, Сонгуулийн Ерөнхий хорооны зохион байгуулалтад ч “ОНЦ” үнэлгээ өгье.
Сонгуульд АН, МАН ялах нь нэн чухал асуудал биш. Харин төрийн эрх барих дээд байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох их ажлын зохион байгуулалт алдаа мадаггүй, шударга, хууль ёсны байх ёстой. Энэ үүргээ Сонгуулийн Ерөнхий хороо хангалттай биелүүллээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ