Д.Амартүвшин гурав дахь удаагаа аваргаллаа
2016-07-02

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн “Буянт Ухаа” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж  байна.  Тус тэмцээний эхний өдөр манай жүдочид 4 алтан медаль хүртлээ.

 

Тэмцээний эхний өдрийн хэсгийн барилдаан өчигдөр 13.00 цагт эхэлсэн.  Энэ өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаан болж жин тус бүрийн аваргууд тодорлоо.Эрэгтэй 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин түрүүлж, хоёр жил дарааллан тус тэмцээнд аваргалав. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д \9 бөх\ алт Д.Алтансүх мөнгө А.Батсуурь, хүрэл медалийг А.Жереб \Словени\, Асхат Телманов \Казахстан\ тус тус хүртсэн юм.

 

 

Харин эмэгтэй 48 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг нар аваргын төлөө тунаж үлдснээс М.Уранцэцэг өрсөлдөгчөө хожиж алтан медаль хүртсэн. Харин 52 кг-д \11 бөх\ Мако Үчио \Япон, 2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл\ алтан медаль, мөнгөн медалийг Ч.Аззаяа, хүрэл медалийг Б.Бат-Эрдэнэ, Т.Сикич \Хорват\ нар тус тус хүртлээ. Монголын 17 настай жүдоч Л.Энхрийлэн 57 кг-д \11 бөх\ алтан медалийн эзэн болж мөнгөн медалийг М.Ишикава \Япон, 2013 оны Азийн аварга\, хүрэл медалийг Ким Минжу \БНСУ\, А.Лески \Словени\ нар хүртэв.

 

Тус тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/, Монголын жүдо бөхийн холбоо, ЭМСЯ, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Азербайжан, Хорват, Куба, Чех, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Словани, Люксембург, Казахстан, Киргизстан, Монгол зэрэг 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 жүдоч өрсөлдөж байна.

 

Харин өнөөдөр тэмцээний эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин