Нар аргамжсан гийнгоо
2016-07-05

Яг нэг ийм л зунаар даахин сэвлэг согсолзуулан, цагааширсан дааганд ташуур өгөн давхиулж л явсан даа. Тэгж явахдаа тэр амьтантай салшгүй нандин сэжмээр холбогдсон гэлтэй наадам дөхөхөөр одоо ч сэтгэл гэгэлздэг юм. Ийн хөөрөхдөө Налайхын голоор төвхнөсөн уяач нарын галыг өнгөрсөн амралтын өдрөөр зорилоо.

 

Улаанбаатар хотоос 45 километрийн зайд орших Налайх дүүргийн урд хөтлийг хөндлөн давж, засмалаас гарч шороон замд нийлэхүйд хачин тансаг энхэрхэн үнэр хамар цоргиж, хаа холын цэнхэр уулс, үүлсийн мананд цайвалзан байв. Тансаг энхрий цэцэгс ч зөөлөн зөөлөн үнэр тээж, тэнгэрт ойрхон ургацгаажээ. Тэнд ийм л төгөлдөр зуншлага болж, бас ч үгүй биднийг очиход тэр хавийн уяач нар нэгдэн наадмын дунд сунгаа хийж таарсан нь аялгуу асгах ажээ.

 

 

Нүд алдам ногоон талд гурван цээл уяа зоож хурдан морьдоо уяжээ. Энэ уяа Улсын Манлай уяач Н.Түмэнбаяр болон түүний дүү Н.Эрдэнэ, Н.Ганхуяг гэх мөн л манлай уяач нарын гал аж. Эднээс гадна тэндхийн 10 гаруй уяач нэгдэн морио сунгаж буй нь энэ юм. Биднийг очихын өмнөхөн дунд сунгааны их насны морьдын уралдаан болж дуусаад  хэний морь өнгөтэй, аль унаач адтай байсныг уяачид хөөрөлдөж суув. Соёолон мордох зуур Манлай уяач Н.Түмэнбаяртай уяаны дэргэд цөөн хором хуучиллаа. Тэрбээр 30 гаруй жил морь уяж буй бөгөөд одоогоор улс, бүсийн наадамд хүлэг морио сойж гурван түрүү, 18 айраг хүртээд байгаа аж. Адууных нь угшлыг сонирхоход Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатарын адуу ихэвчлэн бий гэсэн. Мөн өөрийн унаган адуу ч бий аж. Тэрбээр энэ жил сайхан зун болж байгаа, адууны тамир хүч сайн байгааг бараг л хэлж байгаа өгүүлбэр бүртээ өгүүлж байлаа.

 

Тэрбээр “Энэ жил хаа сайгүй сүүлийн 4-5 жил болоогүй сайхан зун болж байна. Зуслан сайхан, морьдын тамир тэнхээ сайн байгаа. Хамгийн түрүүнд Төрийнхөө баяр наадамд уралдахаар өнөөдөр дунд сунгаанаа хийж байна. Манай уяанд 35-36 морь байна. Нас болгон давхар. Азаргаа та нарыг ирэхээс өмнө давхиуллаа. Ерөнхийдөө түрүү, аман хүзүү, эх морь ч тэр хавьцаа л давхилаа. Морьдын өнгө энэ жил сайхан л байна. Одоо соёолонгоо мордуулах гэж байна. Их сунгаанаа долоонд хийнэ. Тэгээд л Төрийнхөө баяр наадамд энэ сарын 8-нд хөдөлнө. Наймны өглөө морио ачаад л өглөө эрт хөдөлнө дөө” хэмээн хуучлав.

 

Н.Түмэнбаяр уяачийнх Налайхын голоор зусдаг ч өвөлдөө Хэнтий, Сүхбаатар руу оторт явдаг юм байна. Энэ талаараа “Өнгөрсөн өвөл цас ихтэй ч гэсэн адуу сайхан орсон шүү. Тэгээд эрт ногоо идлээ. Тийм болохоор адууны тамир сайн байгаа” хэмээн мөн л адуу өнтэй орсныг дурсан хичнээн баяртай буйгаа илтгэх ажээ.

 

Морь айрагдсан ч даруухан байх хэрэгтэй

 

 

 


 

-Та хэдэн наснаасаа морь уясан бэ?

 

-Уг нь бол би чинь уурхайчин хүн шүү дээ. Налайхын уурхайд эскаваторчнаар 11 жил ажилласан. Сүүлийн үед зах зээл гээд уурхай ч татан буугдсан. Тэгээд 1984 оноод эхлээд 32 жил морины ард зүтгэж явна даа. Багадаа морь их унадаг байлаа. Тэр үед чинь өнөөдрийнх шиг олон биш цөөн адуутай байсан. Аавыгаа дагаж моринд сураад л бүх амьдралаа зориулж явна даа. Одоо надаас гадна миний дүү нар Н.Ганхуяг, Н.Эрдэнэ гээд 3 алдарт байна. Хэдэн дүү нартайгаа л морь уяж явна. Өөр гаднаас нэмэгдэл хүн бол байхгүй.

 

-Та хэдэн хүүхэдтэй вэ? Уяачийн эрдмээ хүүхэддээ өвлүүлэх бодол бий юу?

 

-Долоон хүүхэдтэй. Би чинь  хүний дөрвөн хүүхэд өсгөсөн хүн шүү дээ. Нялх хүүхэд хээр хаячихсан байсныг олж авч өсгөсөн. Тэр маань одоо морь унаж байгаа. Дараа жил мориноос хасагдах байх. Нөгөө гурав маань том болоод айл гэр болоод тусдаа гарчихсан. Сонин гэвэл ийм шив дээ.

 

-Их сайхан чанар байна. Тэгээд бас хүн хөлслөхгүй өөрсдөө малаа адгуулдаг гэхээр сайхан санагдлаа.

 

-Тэгэлгүй яахав. Бид өвөл нь өөрсдөө оторт явна. Унаачид хүртэл манай дүүгийн хүүхдүүд л байна. Хотоос үнэ цохиж унаач авна гэх ойлголт бол бидэнд байхгүй. Одоо дараагийн унаач гэхэд манай баг энд ингээд сууж байна даа.

 

-Энэ жаалуудыг хэдэн наснаас нь моринд сургадаг вэ?

 

-Зургаан наснаас нь л унуулж сургадаг юм. Тэгээд л 7-8 хүрэхээрээ арай сайхан чангараад ирдэг юм хүүхэд. Унаач хүүхэд сургадаг номхон морь цөөнгүй бий.

 

-Та манлай уяач хүний хувьд морьдын уяа сойлгыг хэрхэн тааруулж байна вэ?

 

-Ойрын хэдэн жил ногоо тааруухан байсан учраас нэг жаахан нэмэгдэл тэжээл өгч уралдуулж байлаа. Энэ жил харин хаа сайгүй адуу цайрчихсан сайхан байна.

 

-Өвөл тэжээдэг үү?

 

-Өвөл арваннэгдүгээр сарын сүүлээр морины жүчээнд оруулж ирээд тэжээнэ. Өвөл хамгийн том наадам Дүнжингараваар эхэлнэ. Тэгээд л хаврын бүсэд явна. Ер нь өвөл тэжээж уралдуулсан адуу зуны уяанд арай л дөхөм байдаг юм.

 

Дутуу уяатай адуу л энддэг

 

 

-Та олон айраг түрүү авч байсан болов уу?

 

-Ах нь төр, бүсийн наадмаас 3 түрүү, 18 айраг авч л манлай болсон хүн шүү дээ.

 

-Нэг их хөөрч байсан нь хэзээ бол?

 

-Би 21 настай залуухан байхдаа Улсын наадамд анх удаа морь уяж очиж байлаа. Тэгэхэд миний шүдлэн үрээ дөрвөөр дахиж байсан юм. Тэр л миний мартамгүй хамгийн сайхан баяр байсан даа. Анх удаа Төрийн наадамд морио хурдлуулж ард түмний өмнө цоллуулна гэдэг сайхан.

 

-Морь нь айрагдсан залуу уяачид их л хөөрч байгаа харагддаг.

 

-Залуу уяачид хамгийн гол нэг жаахан дэгтэй, ном журамтай баймаар байна. Одоогийн залуусыг хараад байхад их л хөөрүү. Эсвэл их сэтгэлээр унамтгай юм. Яахав адуу айрагдаж болно. Хойгуур давхиж болно. Ер нь хаагуур ч давхиж болно. Айрагдлаа гэхэд сэтгэл биеэ засаад даруухан байх хэрэгтэй. Одоогийн залуучууд морь нь айрагдахаар цээжээ дэлдээд л байгаа ажиглагдах юм. Ер нь адуу гэдэг хийморьтой амьтан. Дэг журмаа сахиж явах сайхан. Ер нь залуучууд морьтойгоо харьцаж чадахгүй байна. Морьтойгоо харьцаж чаддаг бол тэгж гутрахгүй байхгүй юу. Морь энэ жил давхихгүй байж болно. Дараа жил дахиад л наадам болно. Адуу давхина даа.

 

-Уралдаж ирсэн морь гэв гэнэт л унаад өгөх өрөвдмөөр шүү?

 

-Тийм шүү. Ер нь тэгээд дутуу уяатай адуу л эндэж байгаа юм шүү дээ. Тэгээд зарим нь мориныхоо уяаг дутуу байгааг мэдэхгүй дуран дээрээ л мордуулаад тийм харамсмаар зүйлтэй олон л учирч байгаа даа. Харахад самсаа шархирмаар шүү. Ах нь бол тэгж морь унагааж үзээгүй ээ.

 

-Анзаарч байхад танай морьд бүгд сахиустай юм байна?

 

-Байгаа. Хүн ч гэсэн ном уншуулж өөрийгөө хэл амнаас хамгаалдаг даа. Түүн шиг адуугаа ч бас муу бүхнээс хамгаалах арга ухаан байна.

 

-Адуу үүргэлэхийг харж өссөн хүн уужуухан байдаг гэдэг. Танаас ийм чанар ажиглагдлаа.

 

-Тэр үнэн. Нар салхинд гандаад л хэдэн адуугаа маллаж явах сайхан даа. Үүндээ ядарлаа, зовлоо гэхгүй. Хэн нэгэнд очоод ялархах юм байхгүй. Морь давхивал сэтгэлдээ баярлаад л, морь хойгуур давхивал тэглээ гээд гутрахгүй. Нэгэнт хийгээд сурчихсан 30 жилийн ажил болохоор иддэг хоол шиг л болчихсон байна.

 

-Зүүн талаас хэр их адуу авч байна вэ?

 

-Байгаа. Миний адуунд олон талаас бий. Увс аймгийн Тэсээс ч бий. Ер нь тэгээд зүүн талын адуу арай л илүү хөлийн хурдтай байдаг. Гэхдээ унаган адуу ч бий. Миний Төрийн наадамд айрагдуулсан цавьдир, хонгор халзан азарга бүгд л миний унаган адуу.

 

-Эрлийз адууны тухайд та ямар бодолтой байдаг вэ?

 

-Манай уяанд эрлийз адуу бий. Хүн хөдөлмөр гаргаж л уяа сойлгыг нь тааруулж байгаа учраас эрлийз гэж илүү харж болохгүй юм. Хамгийн гол нь монгол адуунаас ялгаад л уралдуулчихвал зөв байхгүй юу. Тэгвэл ямар ч хэрүүл маргаан гарахгүй шүү дээ. Тэрнээс адууны цусаа сайжруулах чинь зөв.

 

 

Биднийг ийн ярилцах зуур уяа дүүрэн гийнгоон дуу хадаж, соёолон мордлоо. Н.Түмэнбаяр гуай “Энэ их наранд хүний олон нялх хүүхдийг наршаагаад би л нэг манлай хүн гэсэн шиг хүндрээд суугаад байх муухай. Шударга нь дээр. Соёолон мордчихлоо. Хойноос нь хөдлөе” хэмээгээд яаран босов.

 

Албаар ургуулсан сахлаа хаа нэг имчиж, өвсний толгой таслан амандаа зууж хээвнэгхэн хазлах энэ гүдс шулуун эрийг залуу уяачид ихэд хүндэлдэг бололтой. Н.Түмэнбаяр гуайгаар морьдоо шинжүүлж байлаа. Тэр болгонд тэрбээр “Хүний уяаг хүн заана гэж байхгүй ээ. Морьтойгоо харьцаж л сур. Ээ дээ залуус минь энэ их халуунд мориныхоо уяаг дутуудуулж унагав. Түүн шиг харамсмаар зүйл үгүй шүү” хэмээн цөөн үгээр товчхон хариулах аж. Ухаандаа хоол идэхийг нь биш хэрхэн хоолоо олж идэх аргыг нь заана гэдэг шиг уяахыг нь биш уяагаа хэрхэн тааруулах талаар нь зөвлөх ажээ.

 

Энэ уяанаас ажигласан нэг сайхан зүйл бол уяач нь унаачид мөнгө төлж хөлсөлдөггүй. Тэр утгаараа унаач, уяач хоёрын эзлэх байр суурийн зай ойрхон юм. Унаач нар нь Н.Түмэнбаяр гуайгаас салахгүй дагаж, жийп машиных нь урд суудалд уралдан суух ажээ.

 

Соёолон эргэх зуур бид уралдаж ирсэн азарга, их насны морьдыг уяа тойруулахаар арын албанд үлдсэн Э.Энхтөр хүүтэй ярилцлаа.

 

Хандгай бид хоёр улсад түрүүлнэ

 

 

 


-Чи хэдэн настай вэ? Хэдэн жил морь унаж байна?

 

-Би 11 настай. Одоо зургадугаар ангид орно. Би 3 жил морь унаж байна.

 

-Морь унах гоё уу?

-Гоё.

 

-Юу нь гоё вэ?

-Морь унах миний хобби. Тийм болохоор л гоё /инэв.сур/.

 

-Энэ жил улсад хэдэн морь унаж уралдах вэ?

 

-Зургаан нас унана. Өнгөрсөн жил намайг морь унаж өгсөн гээд манай ээжийн ах нь сартай хүрэн үрээ өгсөн. Тэгээд тэр үрээгээ шүдлэнд нь нэг наадамд уясан чинь 100 гаруй мориноос 50 орчмоор ирсэн. Тэгээд энэ жил хязгаалан насанд нь улсын наадам уяж байгаа. Өөрийнхөө морийг өөрөө унаж уралдана.

 

-Морийг нь хэн уяж өгч байгаа вэ?

 

-Манай ээжийн ах Эрдэнээ ах уяж өгч байгаа.

 

-Чиний морь хурдан биз дээ? Түрүүлнэ байгаа?

 

-Бид хоёр түрүүлнэ ээ. Би мориндоо хандгай хүрэн гэж нэр өгсөн.

 

-Яагаад хандгай гэж?

 

-Ер нь ажиглаад байхад хандгай шиг. Эрдэнээ ах надад хурдан морь хандгай шиг байдаг юм. Чиний морь тийм юм гэж хэлсэн.  

 

-Чи танихгүй хүний морь унаж өгдөг үү?

 

-Үгүй. Ээж аав намайг занг нь мэдэхгүй морь унаж болохгүй гэдэг. Тэгээд би Эрдэнэ ах, Түмэнбаяр ахын морийг л унадаг.

 

-Морь унаж өгсөн гээд гоё юм авч өгдөг үү?

 

-Өгдөг. Надад мөнгө өгдөг. Тэрүүгээр нь би хичээлдээ хэрэгтэй юм авдаг. Заримдаа наадмаар найзуудтайгаа нийлээд гоё юм аваад идчихдэг юм.

 

-Наадам дуусахаар чи юу хийх вэ?

 

-Арван хоног гэрийн хорионд байна даа.

 

-Гэрийн хорионд оо? Хэрэг тариа юу?

 

-Гэрээс гарахгүй байна гэсэн үг л дээ. /инээв.сур/ Тэгж байгаад нүүрээ сайхан цайруулчихаад Солонгос явна.

 

-Тэнд очиж сурах юм уу. Чи онц сурдаг уу?

 

-Сурагч солилцоогоор явах гэж байгаа юм. Манай ангиас хэдэн хүүхэд, багш нартайгаа явж байгаа. Сайн ярьж, өөрийгөө ойлгуулж  чаддаг, гайгүй сурдаг хүүхдүүд нь явж байгаа.

 

-Чи ямар мэргэжилтэй болох вэ. Уяач болох уу?

 

-Би математикийн хичээлд илүү дуртай. Том болоод математикийн багш болно гэж боддог. Хүүхдүүдэд хичээл заагаад, бас морио давхар уяна.

 

-За амжилт хүсье. Морио сайн унаарай.

 

-Хандгай бид хоёр түрүүлнэ ээ /инээв.сур/. Гараанаас эргээд эхлээд амыг нь зуулгаж, хүчийг нь шавхахгүй. Тэгээд бариа дөхөөд ирэнгүүт хүчийг нь шавхаж уралдуулна даа.

 

 

Хэрсүү бяцхан ухаандаа олныг эргэцүүлдэг болов уу гэмээр ийм нэгэн жаалтай соёолон эргэх хооронд ярилцсандаа олзуурхав. Том хүн шиг хэвлүүхэн яриатай энэ хүүгийн сартай хүрэн үрээ нь улсын наадмын түрүү магнайд хурдалж, хүү, хүлэг хоёр торгон жолоогоо өргөх биз ээ.

 

Соёолон ирлээ. Улсын Тод манлай уяач Г.Сандуйжав, түүний дүү Улсын алдарт уяач Г.Ганбат, Налайх дүүргийн алдарт уяач Н.Батболд зэрэг уяачийн 27 хурдан соёолон уралджээ. Улсын наадмын уралдах замын тал зай болох 12 километрээс уралдсан соёолонгуудаас Налайх дүүргийн алдарт уяач М.Батбаярын хээр түрүүлж, Н.Батболдын зээрд халзан аман хүзүүдэв.

 

 

Ийнхүү манай сурвалжлах баг Налайхын голд шандас сорьсон хурдан соёолонгийн тоосонд дарагдаж хийморь сэргээгээд ирлээ. Нар салхинд борлож, гандсан уяач, унаачид наадмын өглөөг сэтгэл дотроо өөрсдийнхөөрөө зурж байгаа биз ээ. Эв нь таарвал энэ жилийн наадмын түрүү хэнийх ч байж мэдэх  юм.

 

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин