Хурдан морьдын уралдааны хуваарь гарлаа
2016-07-05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны удирдлагууд мэдээлэл хийв. Тэд баяр наадмын өдрүүдэд хурдан морины уралдааныг зохион байгуулах, эрлийз морьдыг хэрхэн ангилах талаар танилцуулав.

 

Хурдан морьдын уралдааны хуваарь:

  • Долоодугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд
  • Долоодугаар сарын 11-нд азарга, их нас морьд
  • Долоодугаар сарын 12-нд соёолон, даага уралдана. 

 

Мөн “Монголын морин спорт уяачдын холбоо”-ноос наадамчин олныг уйдаахгүй байх үүднээс “Морьтон монгол” үзүүлбэрийг морьд эргэх хугацаанд үзүүлж , холч морьдын уралдааныг  долоодугаар сарын 10-нд, жороо морьдын уралдааныг  13-нд зохион байгуулах аж.

 

Мөн долоодугаар сарын 13-нд Эрлийз морьдын уралдаан болж уяачдын баярыг тэмдэглэнэ.

 

 Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/ сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгох аж. Тодруулбал, сэрвээний өндөр нь азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс дээш давсан морьдыг эрлийз гэж үзэж тухайн насанд уралдуулахгүй хэмээн Хурдан морины салбар хорооны орлогч дарга З.Болдбаатар мэдээллээ.

 

 

Ц.Тэнгисболд

 

Shuud.mn
Сонин хачин