Халдлагаар 250 хүн амиа алджээ

Иракийн нийслэл Багдад хотын Карадда дүүрэгт энэ даваа гаригт хэт даврагчид халдлага үйлдсэн билээ. Хэт даврагчид мөргөл үйлдэж байсан сүмийн дэргэд их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан ачааны машин дэлбэлсэн юм. Халдлагын үеэр 125 иргэн амиа алдаж, 250 орчим хүн гэмтсэн билээ. Тэгвэл уг халдлагаар амиа алдсан иргэдийн тоо 250-д хүрсэн талаар тус улсын Ерөнхий сайд Хайдер аль Абади мэдэгдэв. Тэрбээр “2003 оноос хойш гараагүй, олон иргэнийг хохироосон халдлага Багдад хотноо боллоо” гэж хэлжээ.
Эмнэлэгт хүргэгдээд буй хохирогчдын биеийн байдал тааруу байгаагаас гадна эмнэлгүүд эм, тарианы хомсдолд орж, НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагаас тусламж хүссэн байна.
Карадда дүүрэгт болсон халдлагыг хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл зохион байгуулсан бөгөөд тэд дахин халдлага үйлдэхээ сануулсан юм. Хэт даврагчид армийнханд Эль Фаллужа хотыг алдсныхаа дараа Сири, Иракийн газар нутагт халдлага үйлдэх нь ихэссэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ