Үнэгүй үйлчлүүлэх ёстой биш бил үү
2016-07-06

 

Улсын маань нийслэл Улаанбаатар нэг үеэ бодвол хөгжиж л байна. Өндөр сайхан дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд хаа сайгүй. Тав алхаад л зоогийн газар, баар ресторан, дэлгүүр хоршоо бий. Гэвч энд нэг л зүйл дутуу. Юу вэ хэмээвээс 00 буюу ариун цэврийн өрөө.

 

Томоохон супермаркетад орж үйлчлүүлэх зуураа ариун цэврийн өрөө хаана байгааг асуухад “Манайд 00 байхгүй” гэж хариулах нь энүүхэнд. Худалдагч, ажилтнууд нь ч хаана бие засдаг юм бүү мэд. Ямар ч байсан ийм хариулт сонсоод өнөөх цоожтой хаалга мөргөнө гэдэгтэй агаар нэг зүйл болно. Дараагийн алхам, баар, зоогийн газар.


Тэнд орж үйлчлүүлээгүй хүн бол “төлбөр” төлөхөөс өөр аргагүй. Тиймээс л 00 гэдэг манайхны тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн. Угтаа бол манайхаас өөр оронд үйлчлүүлэгчээсээ 00-ын төлбөр нэхдэггүй. Дээрээс нь үйлчилгээний байгууллага болон олон нийтийн газрууд, захуудын 00 гэж авах юм байхгүй. Манайд ирсэн жуулчид бие засах газар олдохгүй нь үнэхээр бэрхшээлтэй байлаа гэж зовлон тоочдогтой нэгэн адил хөдөөнөөс ирсэн хүмүүс ч үүнийг хэлдэг.

 

Тэр байтугай хотын оршин суугчид гэр, ажлаасаа тав алхаад л бие засах газаргүйн зовлонг амсана. Гадуур явж байгаад ариун цэврийн өрөө орох шаардлагатай болсон хүмүүст гэр хүртлээ давсгаа чинэрүүлэн тэвчих, эсвэл шингэн зүйл бага уух гэсэн хоёрхон сонголт л үлдэнэ. Амьд хүн аргатай гэгчээр зарим нь аль нэгэн ресторан, цайны газраар үйлчлүүлээгүй атлаа, мөнгөө төлөөд аргална. Бүр болохгүй бол олны нүдэн дээр гудамжинд морь харахаас өөр аргагүй. Ингээд нийслэлд өвөлдөө шээсэн бүрхүүл тогтож, зундаа шивтэр ханхалдаг болоод удаж байна. Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүний бие бодисын солилцоонд орж, хамгийн хэрэггүй зүйлээ шээсээрээ дамжуулж гадагшлуулдаг гэдэг.

 

Шээс эрдэс бодис, хортой бүтээгдэхүүнүүд, даавар, бодисын солилцооны задралын бүтээгдэхүүн агуулдаг бөгөөд хүний шээсээр дамжин гарсан хэрэгцээгүй бодисууд агаарт дэгдэн олон тооны өвчин үүсгэгч нян бактериуд бий болгож амьсгалын замын болон халдварт өвчин үүсгэдэг гэнэ билээ. Дээрээс нь манайхан давсагний үрэвсэл ихтэй байдаг. Давсаг хэт томтой, давсагны хатууралтай байх нь ихэссэн гэсэн. Энэ бол өдөржин бие засахгүй явчихдагтай ч холбоотой байж мэднэ.

 

Уг нь “Нийслэлийн худалдаа үйлчилгээний журам”-аар нийтийн үйлчилгээний газрын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд төлбөр хураамж авдаг тогтолцоог үгүй болгосон санагдана. Аль 2014 оноос л энэ журам хэрэгжиж эхэлсэн гэж байгаа ч өнөөдрийг хүртэл бид 00-ын төлбөр төлсөөр байгаа шүү дээ. ШӨХТГ-ынхны хэлж байгаагаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргад нийтийн үйлчилгээний газруудын бие засах газрыг төлбөргүй болгож, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажил зохион байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн гэж байгаа. Түүнчлэн “Нийслэлийн худалдаа үйлчилгээний журам”-ын 4.18-д зааснаар үнэ төлбөргүйгээр ариун цэврийн өрөө ажиллуулах газарт үзвэр үйлчилгээ, эмнэлэг, томоохон зах, худал­дааны төв, супер­мар­кетууд хамрагдаж бай­гаа юм.

 

Гэтэл өнөөдөр то­моо­хон зах, худалдааны төв, супермаркетуудын 00 бүгд төлбөртэй байна. О.Магнай ШӨХТГ-ын дар­гаар ажиллаж байхдаа энэ бай­дал­тай тэмцэж, бүр өөрийн биеэр очиж жур­мын биелэлтэд хяналт тавьж байхад дээрх газ­рууд 00-ын төлбөр ава­хаа түр зогсоосон. Гэ­тэл О.Магнай ажлаа хү­лээл­гэж өгсний дараа өнөөх 00-ууд төл­бөртэй болох нь тэр. Яагаад хэрэг­жүү­лэх ёс­той журмыг хэрэг­жүү­лээд явчихалгүй, нэг дарга солигдоход өөрчлөгдөх ёстой гэж. Хэдхэн хүний эрх ашгаас илүү нийслэлчүүдийн эрх ашиг том байх учиртайсан.

 

Тиймээс ШӨХТГ-ынхан ажлаа хийж эхэлмээр байна. Давсагны үрэвсэлтэй болж, хорт бодисоор амьсгалахаа одоо зогсоомоор байна. Яагаад ганц 00-ын асуудлаас болж, эрүүл мэндээрээ хохирох гэж. Хэрвээ 00-ын асуудлаа шийдэж чадахгүй бол эрүүл мэндийн зардлаа холбогдох газраас нь нэхнэ шүү.

 

Э.Энхцэцэг

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сонгосон хүмүүсээрээ наад ажлаа хийлгэ одоо та нарын төлөө зүтгэх хүн олдохгүй тэрний оронд хулхидаж сонгогдоод хулгайлж идээд байж байсан нь дээр гэдэг үг гарлаа ш дээ. Ажил хийсэн хүнээ ташуурдаж аахилж хов жив хэл амаа билүүдсэнийг сонгодог тэнэг хүнийг л зөвхөн монголоос л олно
2016-07-06