Наадмаар онцгой байдлын 4200 албан хаагч ажиллана
2016-07-07

Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын  95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа  Д.Батсайхан,  Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар мэдээлэл хийлээ.

 

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага  2016 оны  долоодугаар сарын 9-ны өдрийн 09:00 цагаас 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахаар болжээ.

 

Энэ хугацаанд иргэдийг болзошгүй аюул ослоос  урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахаар онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн байгууллагуудын  4200 гаруй албан хаагч ажиллах юм.

 

Баяр наадмын өдрүүдэд хэт халж, бүгчим халуун өдрүүд үргэлжилнэ. Иймд  ард иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна. 

 

Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин