А.Өсөх-Ирээдүй: Э.Төрмандах ах шиг дуучин болно
2016-07-08

 

“...Адуу адуунаас онцгой доо

Амгалан хонгор азарга минь

Ардын цэнгэл наадамдаа

 

Торгон жолоо өргүүлнэ” хэмээн цовоо хоолойгоор цангинатал дуулсан жаал хүүгийн бичлэг цахим ертөнцөд олны анхаарлыг татаад буй. Түүнийг хаанахын хэн гэдэг хүний хүүхэд болохыг одоо ч хүмүүс сурагласаар л байгаа. Хүүг асууж лавласаар ямартай ч Увс аймгийн Тэс сумын харьяат Амарсайхан гэдэг хүний хүүхэд болохыг олж мэдэв. Ингээд тус сумын фэйсбүүк группт холбогдох хүсэлтэй буйгаа илэрхийлсэн пост үлдээснээр утасны дугаарыг нь олж авлаа. Залгалаа. Нэгэн эмэгтэй утас авав. Мэнд мэдэлцээд гоё дуулдаг хүүтэй холбогдох хүсэлтэй буйгаа илэрхийлэхэд “Би ээж нь байна. Хүү унтаж байгаа. Одоохон сэрээе” гэв.

 

Жаал хүүг А.Өсөх-Ирээдүй гэдэг. Одоо 5 настай юмсанж. Ингээд хүүтэй ярилцлаа. Унтаж сэрсэн учраас асуусан асуултад цөөн үгээр хариулах боловч уул зан нь хэсрүү болох нь анзаарагдаж байв.

 

-Сайн уу? Өсөх-Ирээдүй?

-Сайн.

 

-Ядраад унтчихсан уу?

-Үгүй ээ. Аргаль түүж ирээд тараг уусан чинь халуун наранд нозоороод нэг мэдсэн унтчихсан байна.

 

-Чи өөрийнхөө бичлэгийг үзсэн үү?

-Үзсэн.

 

-Тэгвэл өөрийгөө алдартай болсныг мэдсэн үү?

-Бараг л тийм.

 

-Яаж мэдсэн бэ?

-Хүмүүс намайг харахаараа “Энэ нөгөө гоё дуулдаг хүүхэд байна. Алив нэг дуулаад өгчих” гээд байдаг юм. Намайг их олон хүн таньдаг болчихсон байсан.

 

-Дуулаад өг гэхээр нь чи дуулж өгдөг үү?

-Заримд нь дуулж өгдөг. Байнга дуулаад байхаар хоолой сөөчих нь гээд заримд нь дуулж өгдөггүй юм.

 

-Чи “Аархал”, “Амгалан хонгор” зэрэг дууг яаж сурсан юм бэ?

-“Малчин” телевизээр тэр дуунууд байнга явдаг. Тэгээд л зурагтаар үзээд, сонсож байгаад сурчихсан.

 

-Ямар дуучны дууг хамгийн сайн мэдэх вэ?

-Төрмандах, Анхбаяр хоёрын дууг сайн мэднэ. Одоо дахиад Төрөө ахын шинэ дууг сурч байгаа.

 

-Ямар дууг нь?

-“Хутагтын хурд” гэдэг дууг нь сурч байгаа.

 

-Чи том болоод дуучин болох уу?

-Би том болоод Төрмандах ах шиг дуучин болно.

 

-Чи хотод ирж үзсэн үү?

 

-Хот орж үзээгүй ээ. Гэхдээ энэ намар хот орж Төрмандах ахын тоглолтыг үзэх гэж байгаа. Анх удаа хот орж үзнэ гэхээр гоё санагдаад л байна.

 

-Тоглолтон дээр нь хүмүүс чамайг дуулаад өг гэвэл чи дуулж өгөх үү?

 

-Төрөө ахтай ярилцаж байгаад л болно доо.

 

-Наадам болох гэж байна. Чи морь унадаг уу?

 

-Би энэ жилээс морь унаж сурч байгаа. Одоохондоо хурдан морь унаж чадахгүй ээ. Номхон морь унаад тугалаа буцааж байгаа.

 

-Дараа жил сургуульд орох уу?

-Тэгнэ. Би Улаангомд сургуульд сурна.

 

-За сайн дуучин болоорой Өсөх-Ирээдүй. Баярлалаа чамд.

 

-Танд ч бас баярлалаа.

 

Ийнхүү олны хайрыг татсан бяцхан дуучинтай цөөн хором хөөрөлдлөө. МУСТА, дуучин Э.Төрмандах Увс нутгийн хүргэн аж. 2014 онд олон нийтэд цацагдаж шуугиан тарьсан А.Өсөх-Ирээдүй хүүгийн бичлэгийг Э.Төрмандах гар утсаараа бичиж, интернет байршуулжээ. Тэр цагаас хойш наадам ахуй ер олны хөлийн газар явахад хүн бүр хүүг танин, дуулж өгөхийг хүсэн гар утсаараа бичлэг хийх болсон гэнэ.

 

Амарсайханых гэдэг айл 2 хүү 2 охинтой юмсанж. Увс нуурын баруун эрэг даган хот айл болон суурьших энэ сайхан айл урлаг уран сайханд дуртай, хүүхдүүд нь бүгд дуулж хуурддаг бололтой. Том охин нь 2014 онд “ТВ9” телевизээс зохион байгуулдаг “Гэгээн алсын одод” нэвтрүүлэгт оролцож шилдэг 20 хүүхдийн нэгд шалгарч байж. Харин А.Өсөх-Ирээдүй хүүгийн том ах нь долдугаар анги. Тэрбээр мөн л сургуулийнхаа урлагийн үзлэгийг дааж гардаг гэнэ. Бага охин дүү нь мөн ах нарыгаа дагаж малд явахдаа цангинатал дуулаад л явдаг тухай ээж нь өхөөрдөн хуучлав. Тэдний дундаас А.Өсөх-Ирээдүй хүү илүү яриа хөөрөө хэвлүүн, сэргэлэн цовоо гэж жигтэйхэн тухай ээж нь дурсаж байлаа.

 

Ийм нэгэн цовоо хүү Улаангомоос холгүй 20-иод километрийн зайд эрх дураар өсөн торниж байна. Өнөөдөр тэр аргал түүж, тугал буцахаас хэтрэхгүй ажил хийж буй ч алс хэтдээ аав ээжээ баярлуулах хүн болох нь дамжиггүй биз ээ. Түүнийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай.

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
MUNDAG
2016-07-19
Зочин:
mundag
2016-07-14
Зочин:
Амны хайрцаг сайтай хүү байна. Урлагд элэгтэй юм. Амжилт.
2016-07-08
ука:
хөөрхөн юм
2016-07-08