АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилохыг дэмжив
2016-07-08

Гэрэл зургийг MPA.MN

 

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалан явуулав. Хуралдаанаар АТГ-ын даргад Х.Энхжаргалыг томилуулахаар хэлэлцэв. Х.Энхжаргал НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр  дүүргэжээ. Тэрбээр Эрдэнэт хотын, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, ЗЦГ-ын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан байна. Эдүгээ  ЦЕГ-ын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаа аж. Улсад 34 жил ажилласан.

 

Түүний гэмт хэрэгтэй тэмцэх, хууль хэрэгжүүлэх чадвар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх албыг удирдах туршлага, эдийн засаг, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх туршлага, мэргэжил зэрэг нь  АТГ-ын даргаар томилох үндэслэл болсон байна.

 

Танилцуулгын дараагаар байнгын хорооны гишүүд нэр дэвшигчид санал хэлж, асуулт тавьсан юм. УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Авлигатай тэмцэх бол Монгол төрийн чухал бодлого байгаа. Төрийн хараа хяналтад байж хэрэгжих ажил. Тиймээс хэрвээ энэ албан тушаалд томилогдвол авлигатай тэмцэхэд  ямар бодлого, шинэчлэлийг хэрэгжүүлэх бол?

 

-Энэ албан тушаалд томилогдвол авлигаас урьдчилсан сэргийлэхийн тул төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү ажиллана.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:


-Өнгөрсөн жилүүдэд албан тушаалаар айлган сүрдүүлэлт, залхаан цээрлүүлт явуулж байсан шүү. Дахин ийм асуудал байж болохгүй. АТГ чамгүй үүрэг гүйцэтгэсэн. Хичнээн ч олон хүн барьж хорьсон билээ. Мөн улс төрийн явуулгад ажиллагаанд оролцож болохгүй шүү. Улс төрийн захиалга биелүүлж, дарга нарын даалгавраар ажиллах асуудал хэзээ ч байж болохгүй. Хэрэг хийсэн нь гарцаагүй бол битгий ухарч няцаарай.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох асуудлыг санал хураалт явуулав. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар АТГ-ын даргад Х.Энхжаргалыг дэмжсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монгол улс боловсон хүчнээр хахсан АНУ шиг том улс биш.Цөөн хэдэн чадварлаг хүнээ тохирох албан тушаалд нь тавьж ажиллуулж байж л улс орон зөв гольдролдоо орно.Ингэхийн тулд ялмагцаа төрөөр нааддаг МАН-АН гэдэг хоёр өмхий жорлонгийн төроөөр нааддаг үйлдлийг хориглож Төрийн албаны зөвлөл төрийн ажлаа гардан хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой.Тэгээгүйгээс нам дагаж идүүр долоодог ноход төрийн ажлыг сүйрүүлж дууслаа.
2016-07-08
Дэмжиж байна:
Алба удирдах туршлага сайтай хүн дээ. Хамгийн гол нь хамт олонч уур амьсгалыг бүрдүүлдэг. Сайн удирдагч даа.
2016-07-08