540 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их баяр наадмын Халх сурын харваа үргэлжиж байна. Энэ жил 540 харваач цэц мэргэнээ сорьж буй юм. Харваачид 40 сум тавьж, 40 сумны дараагаар түрүү харваачид тодордог уламжлалтай билээ.
1000 гаруй харваач наадамд оролцохоор нэрээ бүртгүүлсэн ч сурын харвааны талбайн хэмжээнээс шалтгаалан олон харваачид цэц мэргэнээ сорих боломжгүй болжээ. Монголын Сурын холбоо талбайн хэмжээндээ тохируулан наадмын өмнө нэрээ бүртгүүлсэн харваачдаас шигшиж энэ жилийн наадамд оролцуулсан аж. Сурын холбоо уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаа хэлж, ирэх жилийн наадмаас өмнө сурын харвааны тайлбайг томсгорохоор төлөвлөж буйгаа сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
Жил жилийн наадмаар наадамчин олныг баясгахаар хамгийн бяцхан харваач сум тавьдаг уламжлалтай. Энэ жилийн наадмын хамгийн бяцхан харваач хоёрхон настай байсан нь олныг баясгав. Сүүлийн хэдэн жил сурын харвааг сонирхон хичээллэх хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэх болсон. Өнгөрсөн оны наадмын хамгийн бяцхан харваач зургаан настай охин байжээ.
Жил бүрийн наадмын үеэр төрийн гурван өдөрлөг сурын харвааны алтан шар зурхайд хүрэлцэн ирж сум тавьдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван дуут сум тавив. Тэрбээр дуут сум тавьсаныхаа дараа “Би найм дахь жилдээ Халх сурын харвааг нээж байна. Би найман хүүтэй айлын хүү. Тиймээс энэ жилийн наадам миний хувьд онцгой наадам тохиож байна. Би наадмын нээлтэд зориулан есөн хөлт цагаан тугаа тойрон дэвлээ. Үнэхээр сайхан байна. Монголчууд минь сайхан наадаарай” хэмээн хэллээ.
Харваачдын бэлтгэл бүрэн хангагдсан учир хэн түрүү авах нь тодорхойгүй гэдгийг Сурын холбооны тэргүүн мэдэгдэв. Тэрбээр “Харваачдын бэлтгэл маш сайн байна. Хэн гэдэг харваач түрүүлэхийг урьдчилан хэлэх аргагүй байна. Ялагч хамгийн сүүлийн суман дээр л мэдэгдэх байх. Харваачдын цэц мэргэн сайжирсан. Оноо ч өндөр байна” гэв.
Олон наадамд оролцож, цэц мэргэнээ гайхуулсан Даяар дуурсах мэргэн Ш.Даваахүү энэ жилийн наадмын талаар “Өчигдөр цаг агаарын хувьд тааруухан байсан учир сум тавихад хүндрэлтэй байлаа. Хэдийн цаг агаар харваачдад хүндрэл учруулсан боловч олон харваач өндөр оноо авсан. Өнөөдөр цаг агаар сайхан байна. Маргааш харваачид 12 сум тавьж, хэн нь өнөөдөр оноо авсан нь түрүүлэх болно. Өнөөдөр би 16 сум харваснаас 12-ыг нь оносон. Миний зорилго бол өндөр оноотой байгаа харваачдаа гүйцэх” гэсэн юм.
Наадмын хоёр дахь өдөр буюу маргааш 12.00 цагт харваачид дахин 12 сум тавьсанаар энэ жилийн наадмын түрүү харваач тодрох билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ