Ч.Санжаадамба улсын АВАРГА боллоо

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглов. Түүхэн тэгш ой тохиосон баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Ч.Санжаадамба арав даван түрүүлж, улсын АВАРГА цолтон болов.
Тэрбээр улсын арслан Р.Пүрэвдагвыг давж, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн түүхэн ялалтын эзэн болов. Мөн Архангай аймгаас төрсөн тав дахь Улсын аварга боллоо.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба, Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Их засаг их сургуулийн бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес давж, улсын арслан цол хүртсэн юм. Харин Ч.Санжаадамба улсын наадам түрүүлснээр улсын аварга болж, үзүүрлэсэн Р.Пүрэвдагва улсын арслан цолтой үлдлээ.
Улсын аварга цол олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулав. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ч.Санжаадамбад Монгол Улсын аварга цолны энгэрийн тэмдэг, батламжийг гардуулан баяр хүргэлээ.
Улсын наадмын түрүү бөх 15 сая төгрөгийн шагналыг эзэн болдог. Мөн Тоёото маркийн "Ланд Круйзер 200" жийп автомашиныг Ч.Санжаадамбад гардуулна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ