“АСЕМ”-ийн уулзалтад Родриго Дютерт оролцохгүй

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж буй “АСЕМ”-ийн Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад 51 улс, олон улсын 2 байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Тус улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уулзалтад оролцохоор ирсэн зочид, төлөөлөгч нараа угтан авч, уулзаж буй юм.
Тэгвэл уг уулзалтыг Филиппинийн Ерөнхийлөгч 71 настай Родриго Дютерт алгасахаар болсон талаар “www.philstar.com” мэдээллээ.
Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Мартин Анданар мэдэгджээ. Тэрбээр "Ерөнхийлөгч Улаанбаатар хотноо болох “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй. Ерөнхийлөгчийн төлөвлөсөн зарим ажил уг уулзалттай давхцсан” гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Эрнеста Эбила “Филиппинийн дотоод асуудлыг шийдвэрлэхэд бид илүү их цагийг зарцуулах болно” гэж хэллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ