Халдлагатай холбогдуулан хоёр залууг баривчилжээ
2016-07-18

Францын Ницца хотноо гарсан халдлагатай холбогдуулан хоёр залууг баривчилсан талаар “CNN” агентлаг дамжууллаа. “Баригдсан этгээдүүд Албани гаралтай” гэж Парисын прокурорын албан төлөөлөгч мэдэгджээ. Тэднийг Ницца хотоос холгүй газраас баривчилсан гэнэ. Шалгалтаар залуус ачааны машины жолоочтой холбоотой болохыг тогтоосон аж.

 

Ницца хотноо өнгөрсөн пүрэв гаригт ёслолын буудлага үзэж байсан иргэд рүү ачааны машин дайрсан билээ. Халдлагаар 84 хүн амиа алдаж, 200 гаруй хүн бэртсэн.

 

Ачааны машины жолоочийг Мухаммед Лахоуз Боухел гэгч болохыг тогтоосон. Тэрээр Тунис гаралтай Францын иргэн байжээ. Мөн Ницца хотын халдлагатай холбогдуулан баригдаад буй залуус өнгөрсөн арваннэгдүгээр сард Парис хотноо болсон халдлагад оролцсон байж магадгүй гэнэ.  

 

Парисын халдлагатай холбоотойгоор зургаан этгээдийг Францын цагдаагийнхан баривчлаад байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин