Обама, Эрдоган нар утсаар ярьжээ
2016-07-20

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар утсаар ярилцсан талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мэдэгдлээ. Ярианы эхэнд Обама туркчуудад гүнээ эмгэнэл илэрхийлээд “Ардчилсан замаар сонгогдсон Туркийн Засгийн газрыг дэмжиж хамтран ажиллах болно” гэсэн байна.

 

Харин Эрдоган АНУ-д амьдарч ажиллаж буй исламын шашны номлогч Фетхуллах Гюленийг Туркийн талд шилжүүлэн өгөхийг хүсчээ. “Номлогч төрийн эргэлт хийхийг санаархаж, олон мянган цэргийг өдөөн турхирсан” хэмээн Эрдоган мэдэгджээ. Уг хэрэгтэй холбогдуулан 7500 орчим цэргийн алба хаагч баривчлагдаад байна. Баригдсан цэргийн албан хаагчдын тав нь генерал, 29 нь хурандаа аж.

 

Обама “Фетхуллах Гюлен төрийн эргэлт хийхийг санаархсан эсэх нь тодорхойгүй байна. Бид уг асуудал дээр Турк улстай хамтран ажиллах болно. Мөн номлогч АНУ-д амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ АНУ уг үйл явдалтай ямар ч холбоогүй болохыг мэдэгдье” гэсэн байна.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Фетхуллах Гюлен төрийн эргэлт хийсэн нь үнэн бол бид түүнийг Туркт хүлээлгэн өгнө. Тиймээс түүнийг уг хэрэгтэй холбоотой гэдгийг батлах хангалттай баримт, нотолгоог үзүүлэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин