Ард түмнийхээ хайр халамжийг дааж яваарай
2016-07-20

Гэрэл зургийг MPA.MN

 

Ирэх наймдугаар сарын 5-21-ны өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо “Рио 2016” олимпийн наадам болно. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа Чингисийн талбайд боллоо.

 

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын гишүүд болон МҮОХ-ны удирдлага, үе үеийн олимпийн медальтнууд оролцов.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бразилийн Рио Де Жанейро хотноо болох зуны олимпийн XXXI, паралимпийн XV наадамд оролцох нийт баг, тамирчдад хандан захиас даалгавраа айлтган үг хэллээ.  

 

Тэрбээр “Тив дэлхийн олимпоос медаль хүртсэн тамирчдад манай төр засгийн хайр хишиг, магтаал, ард түмний хүндлэл багдаагүй. Одоо та бүхнээс Монголын ард түмэн, Төр Засаг их зүйл хүлээж байгаа. Монголын төр та бүхэнд өгөх гавъяа шагналаа харамлаагүй. Монголын ард түмэн өөрийн халаасаас гаргах ёстой бүх зүйлээ гаргаж явсан. Тив дэлхийн олимпоос медаль авсан тамирчид насан туршдаа ард түмэн, төр засгаас тэтгэлэг авч байгаа. Тамирчдаа ард түмэн ингэж харж үзэж байна. Ард түмнийхээ хайр халамжийг дааж явах хэрэгтэй. Та бүхэн ялагдах эрх байхгүй. Учир нь өмнөх олимпод оролцож байсан тамирчдаас хоёр дахин их тамирчин явж байна. Монголын төр хоёр дахин илүү амжилтыг та бүхнээс хүсэн хүлээж байгаа. Тиймээс урьд урьдны амжилтаас бага амжилттай ирэх эрх байхгүй. Та бүхэнд амжилт хүсье” хэмээв.

 

Мөн энэ үеэр  “Рио 2016” олимпийн наадамд оролцох эрх авсан тамирчин тус бүрт Ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн хишиг болох нэг сая төгрөгийг Эрүүл мэнд спортын сайд С.Ламбаа гардуулав. Тус хишгийг тамирчдын төлөөлөл болох МУГТ С.Батцэцэг, Хүндийн өргөлтийн Залуучуудын Дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ М.Анхцэцэг, Хөдөлмөрийн баатар МУГТ Д.Баатаржав нарын тамирчинд гардуулан өглөө.

 

Үдэн гаргах ёслолын арга хэмжээнд “Увертюра” хамтлаг оролцож Олимпийн хөгжлийг дэмжих сангаас шинээр бүтээсэн олимпийн тамирчдын сүлд дуу болох “Бид эх оронтойгоо хамт” дууг олон нийтэд сонордуулав. Мөн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, бүх цэргийн дуу бүжгийн чуулга болон “Увертюра” хамтлаг, МУГЖ Г.Аруинбаатар нарын уран бүтээлчид оролцон ая дуугаа өргөлөө.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин