2020 оны хүүхдийн олимп Монголд болно
2016-07-20

ОХУ-ын Саха Улсын Якутск хотноо болсон "Азийн хүүхдүүд-2016" хүүхдийн спортын олон улсын наадам энэ сарын 17-нд өндөрлөсөн. Тус наадмаас Монголын баг 14 алт, 9 мөнгө, 25 хүрэл нийт 48 медаль хүртэж, багийн дүнгээрээ V байранд ороод байна. Тэгвэл “Азийн хүүхдүүд- 2020” олимпийн наадам дөрвөн жилийн дараа Монгол Улсад зохион байгуулагдахаар болжээ.

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Рио 2016” олимпийн наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаанд оролцох үеэрээ дуулгалаа.

 

Тэрбээр “АСЕМ-ын уулзалтаар ОХУ-ын Ерөнхй сайд Д.Медведв ирэх үед бид “Азийн хүүхдүүд” олимпийг 2020 онд Монголд зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурсан. Тиймээс дөрвөн жилийн дараа бид  Сахагийн хүүхдийн олимпийг эх орондоо, Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг аваад байна. Миний Монголын газар нутагт, миний монголын ард түмэн нэг л өдөр тив дэлхийн олимпийг зохион байгуулах чадалтай чадвартай болно гэдэгт би үргэлж итгэдэг. Ийм боломж ч монголд бий” хэмээв.

 

Тус наадмаас чөлөөт бөхийн 52 кг-ийн жинд алтан медаль хүртсэн Баянхонгор аймгийн өсвөрийн тамирчин Б.Хонгорзул “Рио 2016” олимп, паралимпийн наадамд оролцох тамирчдад амжилт хүсэн, төрийн далбааг ЭМС-ын сайд Олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгийн дарга С.Ламбаад хүлээлгэн өглөө. Тэрбээр төрийн далбааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барьснаар “Рио 2016” зуны олимпийн наадамд оролцох багийн төлөөлөл, тугч, жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Тэмүүлэнд гардуулав.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин