Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталлаа
2016-07-21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг даргалагч Н.Энхболд байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсан юм.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс санал хураалт явуулав.

Гишүүдийн 85.7 хувийн саналаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг батлав.

 

Энэ Засгийн газар 16 сайд, 13 яамтай үйл ажиллагаагаа явуулна.  Үүнээс ерөнхий чиг үүргийн  6 яам, чиг үүргийн 7 яамтай байх юм.  Үүнд:

 

Ерөнхий чиг үүргийн яам:

  • 1. Гадаад харилцааны яам
  • 2. Хуульзүйн яам
  • 3. Сангийн яам
  • 4. Байгаль орчин, аялал жуучлалын яам
  • 5.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • 6. Батлан хамгаалах яам

Чиг үүргийн яам

  • 7.  Барилга, хот байгуулалтын яам
  • 8. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
  • 9. Зам, тээврийн яам
  • 10.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • 11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • 12. Эрчим хүчний яам
  • 13. Эрүүл мэндийн яам

 

Мөн тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтай байна.

 

Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж Үндэсний хөгжлийн газрыг шинээр байгуулан Засгийн газрын тохируулагч агентлаг,  Төрийн өмчийн бодлого зохицуулагч газрыг хэрэгжүүлэгч агентлаг  болгож байна.

 

Мэдээлэл, технологи, шуудан, харилцаа холбооны газрыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Газрын харилцаа, геодези зурагзүйн газрыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болгон өөрчилжээ.

 

Цаашлаад Газрын тосны ерөнхий газар, Ашигт малтмалын газрыг нэгтгэн Ашигт малтмал, газрын тосны  газар, Бүртгэл статистикийн ерөнхий газар, Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэл Оюуны өмчийн газар болгон нэгтгэж, холбогдох яамдад харьяалуулахаар  болж байна. Харин Гааль, татварын ерөнхий газрыг ГЕГ, ТЕГ болгон салгаж,  Тахарын алба, НДЕГ, Нийгмийнй халамж, үйлчилгээний газрыг  татан буулгалаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин