Иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүллээ
2012-01-09

Баянзүрх дүүргийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нар 30 аж ахуйн нэгж байгууллага, 25 айл өрхөд гал түймэр, гамшгаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, нийт 255 зөрчил илрүүлж, 82 зөрчлийг газар дээр нь арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага 5, мэдэгдэл 10, танилцуулга 1, галын аюулгүй байдал хангаагүй 2 аж ахуйн нэгжийг Захиргааны хариуцлагын тухай хуулиар 400000 төгрөгөөр торгож ажилласан байна. Мөн байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн хүсэлт мэдээллээр 5 удаа шуурхай шалгалт хийж, Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргаж ажилласан. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд обьектын буюу ахуйн хүрээний гал түймрийн дуудлага нийт  200  удаа бүртгэгджээ. Хүйтний улиралд обьектын гал түймрийн гаралт нэмэгддэг, иймд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дараахи зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: -     Хог, хаягдлыг тусгай  төвлөрсөн цэгт зориулалтын байр, саванд асгаж  тогтмол ачиж тээвэрлүүлэх -    Үнс нурмыг ил задгай асгах, ялангуяа шатамхай хог хаягдалтай хамт асгахыг хориглох -    Хог хаягдал, өвс, шарилжийг  устгах зорилгоор ил задгай гал гаргах, шатаахгүй байх -    Цахилгаан угсралт, ашиглалтын дүрмийг дагаж мөрдөн цахилгааны хүчдэлээс үүсвэрлэн гарах галын аюулаас сэрэмжлэх -    Пийшин зуухны аюулгүй байдлыг хангаж, яндангийн цонолтоос сэргийлэх, шаардлага хангахгүй пийшин зуухыг яаралтай засварлах, солих -    Орон сууц, барилга байгууламж, гэр, хашааны хоорондын зайнд анхаарч галын аюулгүй байдлыг хангах -     Шатах, тэсрэх хий шингэн ашиглах, хадгалах, тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагааг хангах -   Автомашины зогсоол, тавиуланд галын аюулгүй байдлыг хангаж, хаалга гарцуудыг чөлөөтэй байлгаж  хоорондын зай хэмжээг баримтлах -    Бага насны хүүхдийг асрах хүнгүй цоожтой орхих, лаа, шүдэнз зэрэг ил галаар тоглуулахгүй байх -   Иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллагууд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байхыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөвлөж байна.
Shuud.mn
Сонин хачин