“Мэргэд гарахын орон” толь бичиг ЮНЕСКО-д бүртгэгдлээ
2016-07-22

 

“Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар"ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдлээ.

 

Дэлхийн баримтат өвийн асар олон үнэт дурсгалууд дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгаа. ЮНЕСКО тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор 1992 онд “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ.

 

Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт манай улсаас  

  • 2011 онд Лувсанданзаны "Алтантовч", "Монгол Шунхан Данжуур"
  • 2013 онд "Есөн эрдэнийн ганжуур"
  • 2015онд "Сахиусан дара эх" судар,
  • 2016 онд “Мэргэд гарахын орон” тус тус бүртгэгдээд байна.

 

“Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон барыг Монгол Улсын Судар Бичгийн Хүрээлэнгийн /ШУА/ санаачлагаар 1924 онд Буриадын Агийн дацанд бүтээлгэсэн аж.

 

Монголын үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд 11 бүлэг 378 ширхэг. 54.7х7.4 см хэмжээтэй 7 ширхэг модон бар хадгалагддаг. Бусад нь Төвд номын фондод хадгалагддаг.

 

Энэхүү толь бичиг нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 105 дугаар тогтоолоор Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлын жагсаалтад бүртгэгджээ.
 

Тус толь бичиг нь үндэсний гүн ухааны сэтгэлгээ хийгээд шинжлэх ухааны төрөл салбарын хөгжил дэвшил, дорно дахины ард түмний соёлын гайхамшигт ололтод гүнзгий нөлөө үзуүлсэн хосгүй бүтээл юм.

 

Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин