Сайд нарын томилгоог хэлэлцэж эхэллээ
2016-07-22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын гишүүнээр томилох 11 сайдын  нэрийг уншиж танилцууллаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-д

  • Монгол Улсын шадар сайдаар У.Хүрэлсүх
  • Монгол Улсын сайд  ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбат
  • Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил
  • Хуульзүйн сайдаар С.Бямбацогт
  • Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн
  • Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар Д.Оюунхорол
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар  Н.Номтойбаяр
  • Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ
  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Ж.Батсуурь
  • Зам, тээврийн сайдаар Д.Ганбат
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдорж  нарын нэрийг тус тус өргөн барьсан билээ. Байнгын хороодын сайд нарыг хэлэлцээд томилохыг дэмжсэн юм.

 

Үүний дараагаар УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ уншив. Тэрбээр “УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр олонхийн суудал авсан нам болон бусад нам эвсэл нь Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох Засгийн газрыг эмхлэн байгуулах ёстой. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны долдугаар сарын 21-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг 13 яам, 16 сайдтай байхаар батлуулсан боловч өнөөдөр 11 сайдын нэрийг өргөн мэдүүлсэн байна.

 

Үндсэн хуулийн 39.1, Засгийн газрын тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ” гэсэн зарчмыг хангаж, үлдсэн дөрвөн сайдын нэрийг хуулийн хугацаанд мэдүүлж, төрийн албаны тасралтгүй байх зарчмыг хангаж хүндэтгэлтэй хандахыг УИХ дахь АН-ын бүлэг анхааруулж байна. Засгийн газрын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өргөн бариагүй байхад байнгын хороо, чуулганы хуралдааныг хуралдуулахгүй байхыг шаардаж байна" хэмээлээ.

 

Үүний дараагаар сайдад нэр дэвшигч бүрээр нь хэлэлцэж эхэллээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
mongol:
choijilsuren nomtoibayar neree tataachee toriin said company udirdaxtai adil bish
2016-07-22