Б.Тэгшбаяр: “Монгол яллаа” гэхэд нулимс урсчихсан

Щвейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараат 10 км-ийн уралдаанд Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртжээ. Швецарьт бэлтгэл базааж буй түүнтэй онлайнаар холбогдож цөөн хором ярилцлаа.
-Гайхалтай юм. Бид дугуйн дэлхийн аваргатай боллоо.
-Би залуучуудын ДАШТ-д бөөн гараа, оноот уралдаан болон ганцаарчилсан хөөх уралдаанд оролцсон. Эдгээр төрлийн бөөн гараатай буюу 10 км-ийн уралдаанд түрүүллээ. Энэ төрөлд нийт 20 орны тамирчин өрсөлдсөнөөс Чех, Италийн тамирчид мөнгө, хүрэл медаль авсан. Харин алтан медалийг миний бие хүртэж дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болсондоо баяртай байна. Дэлхийн олон орны шилдэг тамирчид ирж оролцсон учраас тэмцээн их өрсөлдөөнтэй болсон.
-Энэ төрлөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Би дугуйн тойрог замын уралдаанд хурд сориод удаагүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Швейцарьт ирээд бэлтгэж эхэлсэн. Тэгэхээр үндсэндээ гурван сар гаруйн хугацаанд дугуйн тойрог замын уралдааны бэлтгэл хийж өндөр амжилт үзүүлж чадлаа.
-Тэгэхээр тойрог замын уралдаанд анх удаа оролцон дэлхийн аварга болжээ?
-Тэгж ойлгож болно. Би Монголд байхдаа зөвхөн засмал замын уралдаанд оролцож байсан. Харин “Track Mongolia” төслийн хүрээнд Швейцарь улсад ирж, тойрог замын дугуйн төрлөөр Франц, Португал улсын цомын АШТ-д оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Би хувьдаа ялсан шиг л ялахыг зорьсон.
-Түрүүлэн ирэх тэр мөчид юу бодогдож байсан бол?
-Хол тасархай түрүүлж барианд орох тэр мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа. Учир нь энэ миний мөрөөдөл байсан. Тийм болохоор “Монгол яллаа" гэж зарлахад өөрийн эрхгүй нулимс урсчихсан. Би маш их баяртай байна. Дугуйны аваргад өгдөг цамцыг өмсөхийг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл маань биеллээ. Монголын дугуйн спортын түүхэн дэх шинэ хуудас нээгдэж байна.
-Дасгалжуулагчийг гадаад хүн гэж сонссон?
-Тиймээ. Дэлхийн дугуйн бэлтгэлийн төвд Б.Скотт гэх англи дасгалжуулагчаар залуучуудын ДАШТ-ий бэлтгэл хангуулсан юм. Чанартай бэлтгэл сургуулилт, дасгалжуулагчийн заавар, зөвлөгөө, зоригтой шийдэмгий байдлын үр дүнд л ялалт авсан гэж бодож байна.
-Ингэхэд дэлхийн аварга маань хэдэн настай билээ?
-Би 1998 оны зургадугаар сарын 1-нд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн. 18 настай.
-Дугуйн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Анх гурван настай байхад эмээ надад дугуй авч өгч байлаа. Харин Асгат сумын дунд сургуулийн биеийн тамирын багш Т.Арслан анх надад дугуйн спортод хөтөлж оруулсан гэж хэлж болно. Би анх 2011 онд Арслан багштайгаа аймгийн АШТ-д хурд сорьж түрүүлж түүнээсээ том урам авч байлаа. Манай гэрийнхэн намайг маш их дэмждэг. Аав, ээж хоёр минь жил бүр шинэ дугуй авч өгдөг байсан. Тэднийхээ ачаар би өдий зэрэгтэй явж, залуучуудын дэлхийн аварга боллоо.
-Гаргасан амжилтаасаа нэрлэвэл?
-Би “Tour de Mongolia 2015” тэмцээний шилдэг залуу тамирчин. “Yunnan Grandfondo 2015” олон улсын тэмцээний хүрэл, Парисын цомын тэмцээний мөнгө, “Troffen anadia 2016” тэмцээний хошой хүрэл, УАШТ-ий гурван алт, нэг мөнгөн медальт. 2016 оны тойрог замын залуучуудын ДАШТ-ий аварга болоод байна. Монголын Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ.
-Монголдоо хэзээ ирэх вэ?
-Энэ жилийн эхний зорилго залуучуудын ДАШТ байсан. Одоо ирэх аравдугаар сарын 9-16-нд болох засмал замын ДАШТ-д оролцох төлөвлөгөөтэй байгаа. Энэ тэмцээнд өндөр амжилт гаргахын төлөө хичээж үргэлжлүүлэн Швейцарь улсад бэлтгэлээ базааж байна даа. Гэхдээ удахгүй эх орондоо очно байхаа.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ