Халдлага үйлдсэн этгээд хэт даврагч байжээ

img

Германы Ансбах хотноо байрлах шөнийн клубт өчигдөр хүчтэй дэлбэрэлт болж, нэг хүн амиа алдсан билээ. Хотын дарга уг дэлбэрэлтийг “террорист халдлага” хэмээн мэдэгдсэн бол цагдаагийнхан “Хийн түлш дэлбэрсэн байж магадгүй” гэсэн юм.

 

Дотоод хэргийн сайд Жоачим Херманн сэтгүүлчтэй уулзах үеэрээ “Шөнийн клубт амиа золиослогч этгээд өөрийгөө егүүтгэсэн болохыг тогтоосон. Амиа золиослогч Сирийн иргэн Мухаммед гэдэг этгээд 27 настай. Цагдаагийнхан түүнтэй холбоотой мэдээллийг цуглуулж байгаа. Ансбах хотноо террорист ажиллагаа боллоо” гэж мэдэгджээ. Мөн “Амиа золиослогч этгээд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин байсан” гэж сайд хэлсэн байна.

 

Дэлбэрэлт болох үед уг шөнийн клубт хөгжмийн арга хэмжээ зохион байгуулагдаж байсан гэнэ. Уг арга хэмжээнд ойролцоогоор 2500 орчим хүн оролцож байжээ.

 

Мухаммед халдлага үйлдэхээсээ өмнө олон нийтийн сүлжээнд “Би Бакар аль Багдадид үнэнчээ батлан харуулах болно. Миний зоргийг Аллах ивээг” гэж бичсэн талаар Ансбах хотын Цагдаагийн дарга мэдэгджээ. Мөн түүний утсыг шалгахад хэт даврагчидтай холбогдсон ул мөрүүдийг олсон гэнэ.

 

Ансбах хотноо гарсан дэлбэрэлтийн дараахан Ройтлинген хотноо нэг этгээд жирэмсэн эмэгтэйг хутгалж хөнөөсөн билээ. Хэрэг үйлдсэн этгээд мөн Сирийн иргэн байж. Цагдаагийнхан хэрэгтэнг баривчилсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ