Олимпийн нээлтийн үеэр халдлага үйлдэх гэж байжээ
2016-07-26

Бразилийн цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд Рио Де Жанейро хотноо удахгүй эхлэх зуны олимпийн наадмын үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бүлэг этгээдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан нийт 11 хүнийг баривчилжээ. Тэднийг Прагвай улсын хилийн ойролцоох чанга дэглэмтэй шорон руу илгээсэн байна.  

 

Баригдсан этгээдүүд зааврын дагуу олимпийн нээлт болох цэнгэлдэхийн өмнө халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. Рио хотын Цагдаагийн газар “Баригдсан 11 этгээдийн 9 нь Бразилийн иргэн. Үлдсэн хоёр нь Сирийн иргэн” гэж мэдэгдсэн байна. Нэгжлэгээр тэдний нуугдаж байсан байрнаас их хэмжээний “АК 47” буу олжээ.

 

“Залуус Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн захиалгаар “Рио”-гийн олимпийн нээлтийн үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан” хэмээн Бразилийн Дотоод хэргийн яамнаас мэдээллээ. Мөрдлөгөөр тэд тус бүлэглэлтэй холбоотой болохыг тогтоосон аж. Залуусын зарим нь олон нийтийн сүлжээгээр тус бүлэглэлд үнэнч байхаа тангараглаж, ямар ч даалгавар өгсөн биелүүлэхээ амласан байна.

 

Цагдаагийнхан өнгөрөгч долоо хоногт олимпийн үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан таван этгээдийг баривчилсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин