Галт тэрэгний осолд гадны нөлөө байгаагүй
2016-07-26

Гэрэл зургийг MPA.MN

 

Энэ сарын 22-23-нд шилжих шөнийн 03.58 цагт ОХУ-аас Хятад руу мод ачиж явсан 2504 дүгээр галт тэрэгний дундаас 6 вагон замаас гарсан осол болсон билээ. Энэ талаар Улаанбаатар төмөр замын удирдах газар(УБТЗ)-ын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

УБТЗ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан орлогч дарга Ч.Эрдэнэдалай “Ослын газар дээр очиход эхний галт тэрэгний дугуй нь хагарч, замаас гарсны улмаас тормосны гол хоолой болон арын галт тэрэгнүүд салж, бүлтэрсэн байдалтай байсан. Ослын газар дээр манайхан шуурхай ажиллаж, сэргээн босгох ажиллагааг цаг алдалгүй хийж, ачааг товлосон цагт Замын-Үүдэд хүргэсэн. Тухайн хэсэг хос замтай байсан учир нөгөө замаар хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн. Мөн хууль, хяналтын байгууллагын шалгалтаар гадны нөлөөлөл ороогүй гэх дүгнэлт гарсан. Урьдчилсан байдлаар ослыг Дархан-Уул аймагт хоёр өдөр орсон усархаг бороотой холбон тайлбарлаж байгаа” гэв.

 

УБТЗ-ын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга Д.Батбаатар “Энэхүү ослоос шалтгаалан хүний амь нас  эрсдээгүй. Байгаль орчин, галт тэргэнд сөрөг нөлөө гараагүй байгаа. Тухайн галт тэргэнд тээвэрлэж байсан банз, модон материал, гуалин гэмтээгүй. Өнөөдрийн байдлаар ослын шалтгааныг нарийвчлан судлах ажлын хэсэг ОХУ-аас ирсэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Осол гадны нөлөөгүй гэж гарсан учраас бид сэргээн босгох ажлаа эхлүүлсэн. Осолдсон зургаан вагоныг холдуулж, замыг нь зассан. Сэргээн босгох ажилд 120 замчин, 30 ачигч, бусад албаны 20 орчим хүн оролцлоо” гэсэн мэдээлийг өглөө.

 

Харин УБТЗ-ын Тээврийн хяналтын байцаагч Т.Доржжанцан "Галт тэрэгний осол 2006 оноос хойш гараагүй байсан. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа хэдий хэр хэмжээний хохирол гарсан болон тухайн вагоныг ашиглах, ашиглахгүй гэдгийг нь шийднэ" гэсэн юм.

 

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултад хариулт авлаа.

 

-Хэр хэмжээний зам эвдэрснийг хэдэн төгрөгийн зардлаар засварласан бэ?

 

-Зам 40 орчим метр газарт л эвдэрсэн. Зам сэргээн засварлахад 7.8 сая төгрөгийн зардал гарсан.

 

-Осолдсон галт тэрэг хэр зэрэг хурдтай явж байсан бэ?

 

-Ачааны галт тэрэг 80 км/цаг, суудлын галт тэрэг 100 км/цагийн хурдтай явах дүрэмтэй. Гэхдээ хажуугийн буюу туслах замаар орж ирэхээс шалтгаалаад хурд нь өөр байдаг. Энэ удаад хажуугийн замаар 15-20 км/цагийн хурдтай явж байсан.

 

-Зорчигчдийн галт тэрэг осолдохгүй гэсэн баталгаа байгаа юу?

 

-Ихэнх гол зам төмөр бетон дэрээр тоноглогдсон, найдвартай байдаг. Зорчигчийн галт тэрэг гол замаар явдаг. Тиймээс зорчигчийн галт тэрэг аюулгүй.

 

-Осолдсон галт тэрэг хэдэн жил ашиглагдсан байсан бэ?

 

-Манай улсад галт тэргийг 25 жилээр ашигладаг. Дээрх осолд холбогдсон галт тэрэг нь одоогоор 15-20 жилийн насжилттай.

 

-Ослын шалтгаан замтай холбоотой байх боломжтой юу?

 

-Замын тухайд 2015 оны тавдугаар сард шинээр хүлээж авсан модон дэртэй зам байсан учраас замаас шалтгаалаагүй.

 

 

Ослын шалтгаан болон хохирлын талаарх нэгдсэн дүн мэдээ энэ сарын 29-ний өдөр гарна гэдгийг хурал зохион байгуулагчид мэдэгдлээ.

 

Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hotsrogdson tumur zam. Ene l nuluuluhgui yu, uur yu bhav. Hezee hugjinu duu...orosuudtai bgaa tsagt hezee ch hugjihgui ee
2016-07-26