Исламын улсын цэргийн командлагчийг устгажээ
2016-07-27

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн цэргийн гол командлагч Саад Эмарати цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан талаар Афганистаны аюулгүй байдлын хүчнийхэн мэдэгдэж байна.

 

Саад нь Афганистан болон Пакистан дахь исламын улсын салбарын үндэслэгч юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд Афганистанд олон удаа террорист ажиллагаа зохион байгуулсан билээ. Афганистаны эрх баригчид түүнийг хамгийн аюултай террористын нэгээр нэрлэж, цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм.

 

Кабул хотноо өнгөрсөн амралтын өдөр халдлага гарч, 80 хүн амиа алдсан. Уг халдлагыг Саад захиалсан тухайгаа мэдэгдсэн юм. Уг мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч Ашраф Гани тус бүлэглэлийг устгаж, цусан өшөө авахаа мэдэгдсэн билээ. Афганистаны цэргийнхэн өчигдөр Кот дүүрэгт байрлах тус бүлэглэлийн байр руу дайрч, 120 орчим хэт даврагчийг устгажээ.

 

Саад өмнө нь Талибан бүлэглэлийн цэргийн командлагч байсан бөгөөд исламын улс бий болоход өмнөх бүлэглэлээсээ урвасан аж.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин