Энхийг сахиулагчид Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

БНӨСУ-ыг зорих энхийг сахиулагчид өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны хүмүүс, энхийг сахиулагчдын гэр бүлийнхэн оролцлоо.
БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд энэ удаа Монголын Зэвсэгт хүчний IV ээлжийн мотобуудлагын батальоны 850 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэхээр бэлтгэлээ хангажээ.
Хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай үүрэг гүйцэтгэх Монголын цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллагын 700 гаруй, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн 100 гаруй алба хаагч багтжээ. 850 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэргийн алба хаагчдын 40 гаруй хувь нь олон улсын болон НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай залуус бөгөөд 40 гаруй эмэгтэй алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ.
Манай улс 2012 оноос эхлэн БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, нийтдээ 5 ээлжинд 4250 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ