Эрүүл мэндийн салбарын “эмгэнэлт” үйлчилгээ
2016-07-27

Жирэмсэн эхчүүдийн жинхэнэ зовлон буюу эрүүл мэндийн салбарын “эмгэнэлт” үйлчилгээ

 

 

Мөнгөтэй бол амьдар, мөнгөгүй бол үх гэсэн бичигдээгүй хууль Монголын эрүүл мэндийн салбарт үйлчлээд удаж буй. Хүнд суртал, авлига хамгийн их цэцэглэсэн энэ салбарыг эрүүлжүүлэх талаас нь манай төр засаг ажилласан удаа үгүй. Харин ч хүний амийг мөнгөөр хэмжих нь зөв хэмээн өөхшүүлэх нь холгүй болж улс төрийн намуудын тоглоомын талбар болгон хувиргаж орхисон. Энэ салбарт сайдаар суусан ганц нэгхэн хүнийг эс тооцвол бусад бүх сайдууд нь салбараа мэдэхгүй самарч байлаа. Улс төрийн томилгоо нь эмнэлгийн дарга нарт халдварлаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж хүний амь аврахын төлөө зүтгэх учиртай эмч, сувилагч нар нь даргаа эсэргүүцэн суулт зарлаж байсан эмгэнэлтэй тохиолдол ч бий.

 

Нэг ч өдөр эзэнгүй байх учиргүй эрүүл мэндийн салбарыг өнгөрсөн Засгийн газар ч тэр шинэ засгийн газар ч тэр үнсэнд хаясан шалз шиг орхиж, өнөө хэр томилгоо хийгдэлгүй явсаар. Үүнийгээ гэнэт ухаарчсан уу яасан. Эрүүл мэндийн сайдын түр орлон гүйцэтгэгчээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг томиллоо. “Мэргэжлийн Засгийн газар” байгуулахаа амлан байж гарч ирсэн МАН-ынхан хүн бүрийн хамгийн чухал асуудал болох Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүний гарт атгуулах байх гэсэн хүлээлт нийгэмд байна.  

 

Энэ салбарт шийдвэрлэлтээ хүлээж байгаа болоод зайшгүй шинэчлэл хийх олон асуудал байгаа. Тухайлбал, Хариуцлага, хяналт шат шатанд алдагдаж, эмч нар нь үдээс өмнө төрийн ажлаа ор нэр төдий гүйцэтгэж, харин үдээс хойш нь хувийн ажлаа эрхэлж, бизнес хийдэг болоод удаж байна.Эмэгтэй хүний хувьд ээж болно гэдэг хамгийн сайхан мэдээ. Орчлонд нэг хүнийг нэмэх тэр баярт агшин юугаар ч солимгүй аз жаргал. Гэвч эмчийн хяналтад орохоос эхлээд л асуудал үүсдэг. Худлаа хэлсэн хүнд яах гэж хөл хүнд болов доо гэж харамсах нь энүүхэнд. Жирэмсэн эхчүүд уг нь бүх шинжилгээгээ өрхийн эмнэлэгтээ өгөөд, шинжилгээний хариу ирсний дараа нарийн мэргэжлийн эмч нартаа үзүүлээд явах бүрэн боломжтой.Гэтэл өнөөдрийг хүртэл энэ жижигхэн асуудлыг шийдэж чадсангүй. Өрхийн эмнэлэгтээ бүртгүүлж эмчийн дэвтрээ авна гэдэг аз эзийн асуудал.

 

Өрхийн эмч өрөөндөө байна гэдэг өдрийн од шиг ховор тохиол. Тэндээс шинжилгээний бүх бичгээ авсны дараа дүүргийн амбулатори дээр очиж шинжилгээнд хамрагдах асуудал бол азтай, бас чадалтай хүний л хийх ажил. Өглөө 08.30-аас эхэлсэн шинжилгээний өрөөнд өдөрт нэг өрхийн эмнэлгээс зургаан хүн л авах хуваарьтай. Тэр хуваарьт багтахын тулд хөгшин залуу, хүүхэдтэй, хүүхэдгүй, жирэмсэн, ДОХ, тэмбүүгийн шинжилгээ өгөх гэж байгаа олон янзын хүмүүс ёстой л “алалцаж” гарна даа. Хөгшин настай, хүүхэд тэвэрсэн, хөл хүндтэй бүсгүйчүүд л энэ тулаанд ихэвчлэн ялагдаж хоцорно. Эхний гурван сардаа, бас долоон сартайд дахин бүх шинжилгээнд орох учраас тэнгэр тулсан гэдэстэй ээжүүд эрчүүдийн хөлд гишгүүлэх шахам л тэнд шахуулан зогсох нь өрөвдөлтэй.

 

Энэ мэтээр өглөө болгоны 08:00 цагаас өдрийн 12:00 хүртэл “тулалдаж” байж долоо хоногийн хугацаанд бүх шинжилгээгээ өгч чадвал их юм. Үүний дараа өнөөх нарийн мэргэжлийн эмч нараар гарын үсэг зуруулна гэдэг их л тэвчээртэй хүний хийх ажил болно доо. За тэгээд машингүй бол бүр ч бүтэхгүй. БЗХӨ, сүрьеэ нь нэг амбулатори дээр, нөгөө хэсэг нь өөр нэг амбулатори дээр байдаг. Хоорондох зай нь хол. Хэдэн хороогоор нь ангилчихна. Үдээс хойш үзэх хүнгүй сууж байх атлаа заавал цаг ав хэмээн хөл хүндтэй бүсгүйчүүдийг нүүр нүдгүй загнаж зандчина. Цаг өгөх эмэгтэй сайхан зантай байвал өгнө.

 

Эсвэл маргааш, нөгөөдрийн цаг байна хэмээн хялалзаж цэхэлзэнэ. Энэ мэтээр хоёр амбулаторийн дунд хэдэн өдөр бүлтэлзэж гүйсээр арайхийн шинжилгээний бичгийн ард гарснаар амьсгаа авах ч дөрвөн сарын дараа дахиад л энэ мэт бэрхшээлтэй асуудлыг эхнээс нь мэдэрдэг.Сэргэлэн сүйхээтэй нь 14 хоногт багтаад хяналтад орж чадна. Энэ бол жирэмсэн эхчүүддээ үйлчилдэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын “шуурхай” үйлчилгээний ганцхан жишээ.

 

Тиймээс сэтгэлтэйхэн хүн энэ салбарыг удирддаг бол ядахдаа төрөх эхчүүддээ нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг болохсон. Мэдээж шинжилгээ өгөх, хяналтад орох хугацаанд хувь, хувьсгалын ажил үндсэндээ орхигдоно.Төрийн ч тэр, хувийн хэвшил ч тэр хяналтад орох чөлөө гэж цалинтай өгдөггүй учраас эхчүүд ихэвчлэн бүтэн 14 хоногийн цалингүй чөлөө авах, эсвэл дарга цэрэгтээ загнуулж, хялалзуулсаар 14 хоногийн ажлыг тарамдаж байгаа юм.

 

Хувийн эмнэлгээр яваад энэ бүх шинжилгээг өгөх боломжтой ч нэг эхээс хамгийн багадаа 200 орчим мянган төгрөг шаардагдана. Дундаж амьдралтай бидний хувьд энэ чамгүй их мөнгө. Тиймдээ ч хүнд суртал, хараал ерөөл дундуур явсаар эмчийн хяналтад орж байгаа юм. За тэгээд төрөх эмнэлэгүүдийн үйлчилгээний олон олон асуудал байгаа.  Ганц жирэмсэн эхчүүд ч биш бүх л эмчилгээнд ийм асуудал бий. Дүүргийн хэмжээнд ганцхан нарийн мэргэжлийн эмч байгаа нь асуудлыг улам бүр төвөгтэй болгодог. Магадгүй төрж үзсэн эсвэл эхнэрээ дагаад бүх шинжилгээг нь хийлгэж үзсэн хүн энэ салбарыг удирддаг бол ядахдаа төрөх эхчүүддээ нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг болгох байх. Гэхдээ бусад эхчүүд шиг хүйтэнд нь хөрж, халуунд нь халж бүх асуудлыг биеэрээ мэдэрсэн хүн л байвал садын ажлаа  энэ асуудлаас эхлэх болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч энэ хорвоод ирэх иргэдээ ингэж хаа хаанаа хүндэтгэлгүй угтдаг улс орон бараг байхгүй байх.

 

Монголчууд олуулаа болох ёстой гэдэг. Гэхдээ олуулаа болох нөхцөл одоогоор эрүүл мэндийн салбарт бүрдээгүй байна. Шинжилгээг нь асуудалгүй аваад, нарийн мэргэжлийн эмч нарыг зөвхөн жирэмсэн эхчүүдэд үйлчлэх, бусад иргэдэд үйлчлэх гэх мэтээр ялгаад өгчихвөл хүсээд буй төрөлт нэмэгдэх бус уу, албан тушаалтнууд аа.

 

Ж.Отгонмягмар

Эр сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин