Улаанбаатар
Шадар сайд Энэтхэгийн Элчин сайдтай уулзлаа
2016-7-28

 

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Суреш Бабу Шадар сайдыг хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд ардчилсан сонгуулийн дүнд Монгол Ардын Нам ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар бүрдсэнд баяр хүргэлээ.

 

Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад түлхэц болсон гэдгийг онцлоод айлчлалын хүрээнд 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэлээ. Мөн тэрээр эдийн засгийн хөгжлийг сэргээх, өсгөх чиглэлд ажиллана гээд хоёр орны хамтын ажиллагааг эдийн засаг, худалдааны чиглэлээр өргөжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж байгааг тодотгоод ноён Элчин сайдыг дэмжиж ажиллахыг хүслээ.

 

 

Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Малын эрүүл мэнд, сүүний чиглэлээр  хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичиг хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлд хамтран ажиллах түншлэлийн нэг чиглэл болох боломжтой юм гэж Элчин сайд Суреш Бабу хэллээ.

Нарийн мэргэжилтнүүдээ Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр чадавхжуулах сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа Шадар сайд илэрхийлээд тус улсын тэтгэлгээр жилд 150 иргэн сургалтад хамрагддаг байсныг Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын хүрээнд суралцагчдын тоог 200 болгон нэмэгдүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

 

Уулзалтын үеэр Элчин сайд Суреш Бабу Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайдын илгээсэн урилгыг гардууллаа. Шадад сайдад Нью Дели хотод болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд оролцох урилга илгээжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин