Б.Ганхуяг: Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж явахсан
2016-07-29

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  шинээр 14 бөх улсын начин цол хүртсэн. Тэдний нэг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат,“Хилчин биеийн тамир спорт хороо, хилийн цэргийн 0257-р анги, “Эрдэнэт суварга” компани, Хөвсгөл хөгжил сангийн бөх, Улсын начин Б.Ганхуягтай уулзаж ярилцлаа.

 

-Таны төрж өссөн нутаг ус, бага насны тань тухай ярилцлагаа эхэлье?

 

-Би Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн. Шинэ-Идэр суманд өсөж, тэндээ 10 жилийн дунд сургуулиа дүүргэсэн. Миний бага нас Баянзүрх Хайрханыхаа өвөрт малын захад л өнгөрсөн дөө.

 

-Аав, ээж, ах дүүсийнхээ тухай ярихгүй юу?

 

-Миний аав О.Бадамсамбуу,  ээж маань Ч.Чинбат гэж хүн бий. Улсад насаараа ажиллаж байгаад одоо насандаа суусан 2 сайхан буурал байгаа. Манайх таван хүүхэдтэй. Би нэг эгчтэй, гурван ахтай, айлын отгон хүү. Начин цол хүртээд унасан газар угаасан ус Түнэл сумандаа очиж уул усандаа залбираад ирсэн. Удахгүй Шинэ-Идэр сум руугаа явна даа. Аав, ээжийгээ амьд сэрүүн байхад нь Улсын цолтны эгнээнд багтаж, сэтгэлийг нь баясгасандаа баярлаж л явна.

 

-Бөх удам дагадаг гэдэг. Танайд бөх хүн бий юу?

 

-Бөхийн удам бий. Ээжийн талаар Улсын арслан Мөнхбаатартай хамаатан. Мөн дээр үедээ барилдаж явсан хүмүүс байдаг юм билээ.

 

-Та хэдий үеэс барилдаж эхэлсэн бэ?

 

-Би хүүхэд байхын л хаа явсан газраа барилдаж, ноцолдож өссөн. Ер нь багийн л барилдах дуртай байсан даа. Миний ах Ганбат гэж залуу бий. 7 насаар ах. Ах бид хоёр унаж, даваад л их барилдсан даа. Ахтайгаа цагаан сараар цуглуулсан мөнгөөрөө мөрий тавьж барилдаад юу ч үгүй алдаад уйлж байлаа. /инээв.сур/. Сүүлдээ 17 нас  хүрээд хаялцахаа байсан. 18 нас хүрээд би ахыгаа хаядаг болж, урам их орсон. Тэр үедээ сумын заан л болчих юмсан гэж боддог байлаа.

 

-Дунд сургуулийн биеийн тамирын багш нар нь сурагчдаа бөхийн зам руу хөтөлсөн түүх их олон байдаг. Таны бөхийн эрдмийн анхны багш хэн бэ?

 

-Миний хамгийн анхны багш сумын заан Ганзориг гэж хүн бий. Улаанбаатар хотод ирээд аймгийн арслан Батпүрэв багшийнхаа гар дээр ирж байлаа. Дараа нь Улсын харцага Д.Сэрээтэр, аймгийн арслан Баярмагнай, Дархан аварга А.Сүхбат гээд сайхан хүмүүсээр бөхийн эрдэм заалгаж байсан.  Одоо Монгол Улсын харцага Г.Элбэг багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа.

 

-Хэдэн жил бэлтгэл хийж байж энэ амжилтад хүрсэн бэ?

 

-2003 онд аравдугаар ангиа төгссөн жилээ сумын начин болж байлаа. 2003-2004 онд БХИС-ийн харьяа ахлагчийн коллежид суралцаад, дараа жил нь буюу 2005 онд сумандаа түрүүлж сумын заан цол хүртсэн. 2005-2008 оны хооронд ЗХ-ий 084-р анги, 325-р ангийн 321-р тусгай салбарт алба хааж энэ хугацаандаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байлаа. Ингээд 2008 оноос бөх болох зорилго өөртөө тавьж, ХЦ-ийн 0257-р ангидаа тамирчнаар орж өдийг хүртэл барилдаж байна. Энэ завшааныг ашиглан тухайн үед ХЦ-ийн 0257-р ангийн захирагч байсан хурандаа Чинбат даргадаа баярлаж талархаж явдгаа илэрхийлье.

 

-Хэдэн онд аймгийн цолонд хүрэв?

 

-2008 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд 6 давж аймгийн харцага. 2011 онд Орхон аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол, тэр жилдээ Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд 6 давж шөвгөрсөн. 2014 онд Хотгойт хурд-3 наадамд 512 бөхөөс 8 даван үзүүрлэсэн. Тэр үед надад аймгийн хурц арслан цол олгосон боловч бөхийн холбоо хүлээн зөвшөөрөөгүй. 2015 онд Орхон аймгийн баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлж аймгийн хурц арслан цол хүртэж байлаа.

 

-Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн наадам?

 

-Олон наадам бий. Сэтгэлээс гардаггүй нэг барилдаан бол 2010 онд Булган аймгийн баяр наадамд очиж барилдаад тавын даваанд одоогийн Улсын начин Амарсайханыг амалж авч барилдаад унаж байлаа. Тухайн үед би Амарсайханыг биеэр жижиг болохоор болчих болов уу гэж амласан. Тэгсэн өөрөө унасан. Тэгэхээр хүнийг биеэр олзолж болохгүй гэдгийг тэр барилдаанаас ухаарсан даа.

 

-Ер нь ямар бөхийг даваад хамгийн их баярлаж байсан бэ?

 

-2011 онд Орхон аймгийн баяр наадмын үзүүр түрүүнд одоогийн улсын начин Б.Ганзоригийг давж аймгийн арслан цол хүртсэн. Тухайн үедээ узелээр Ганзориг давбал Увс аймгаас, Ганхуяг давбал Хөвсгөл аймгаас аймгийн арслан цолтон төрнө гэж зарлаж байлаа. Тэр үед надад том үүрэг хариуцлага ирж байх шиг санагдсан.

 

-Танай бөхийн гал энэ жил буйр сэлгэсэн сурагтай байсан ?

 

-Манай бөхийн гал өмнө нь “Сүүж” амралтын газарт бэлтгэл базаадаг байсан. Харин энэ жил Сөгнөгөрийн голын “Цэцэгт нуга” гэж уул , ус, ургамал жигдэрсэн сайхан газарт бэлтгэл хийсэн. Манай дэвжээнээс 2 улсын начин, аймаг, сумын цолтой бөхчүүд олон төрлөө. Хөхчирэнгэр начингаа ирэхээр бид бүхэн галаа эргэж, уул усандаа очно доо.

 

 

-Улсын наадамд хэд дэх жилдээ зодоглов оо?

 

-2011 оноос хойш тав дахь жилдээ барилдаж байгаа.

 

-Улсын начин боллоо. Цол мялааж хүмүүс байр, машин бэлэглэдэг. Энэ утгаараа бөхчүүдийг хүмүүс баян гэж боддог?

 

-Би сайн хэлж мэдэхгүй байна.  Ний нуугүй хэлэхэд, нийтийн байранд амьдарч байна /инээв.сур/.

 

-Начин цолыг хичнээн төгрөг дагалддаг вэ?

 

-285 мянган төгрөг байсан байх шүү.

 

-Шинэхэн начингаас ийм зүйл асуух урамгүй байх. Гэхдээ олон нийт өнөө л начны найрааны тухай ярьж л байна.

 

-Бөх бол залуу насны спорт. Эртнээс ахмад, том цолтой бөхчүүд өөрийн нутгийн өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдээ дэмжиж залгамж халаагаа бэлддэг байж. Энэ нь сэтгэлийнх байсан. “Гарьд магнай” кино дээр гардаг даа. Яг түүн шиг. Харин одоо үед нийгмээ дагаад энэ уламжлал нь мөнгө, төгрөгтэй холбогдоод байгаа юм. Надад бол энэ нэг талаасаа буруу, нөгөө талаасаа зөв ч юм шиг санагддаг. Бөхийн спортод залуу нас, цаг хугацаа, амьдрал бүхнээ зориулсан залуус зөвхөн барилдаад амьдралаа болгоод явна гэвэл хэцүү. Гэтэл бүгд л ардаа амьдралтай, эхнэр хүүхэдтэй. Тийм болохоор буруу ч бас биш юм шиг санагддаг. Нөгөө талаасаа бол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр үнэн хүчийг л үзэх ёстой. Хоёр талтай л юм. Гэхдээ үүнийг цэгцлэх цаг болсон.

 

-Ингээд ярихаар таныг ч мөн найрааны начин гэж харах л байх.

 

-Хүмүүс юу гэж ярих нь надад нэг их сонин биш байна. Би найман жилийн турш бэртэл, гэмтэлээс болж өнжөөгүй л бол заалны барилдааныг нэг ч удаа алгасаагүй. Өнөөдөр би энэ цолыг авах гэж чин сэтгэлээ зориулж бэлтгэл хийсэн. Аймгийн хурц арслан цол аваад би 187 арслангийн тэргүүнд нь явж байлаа. Тийм болохоор намайг Улсын начин цол хүртжээ гэхэд хүмүүс хаанаас хэн гэгч гараад ирэв ээ гэж гайхахгүй болов уу гэж бодож байна. Нэг бэлтгэл хийхэд хамгийн багадаа нэг литр хөлс гарна. Дээд тал нь 5 килограмм хаяна. Энэ бүгдийг 365 хоног хийнэ. Ингээд бодоход  маш их хүч хөдөлмөр юм. Гэтэл зөвхөн нэг өдрийн барилдаанаар дүгнэж болохгүй юм.

 

 

-Ингэхэд та энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн гэж дурсаж байсан?

 

-2006-2007 онд Африкийн Сьерра-леон улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын цэргийн багийн 2-р ээлжинд үүрэг гүйцэтгэсэн. Үүгээрээ баярлаж бахархаж явдаг юм. Хүнд хүчир бэлтгэлийг хоёр сарын хугацаанд хийдэг. Нэг жишээ хэлэхэд, 25 кг элсийг, буу зэвсэгтэйгээ нуруундаа үүрээд 30 километрийн марш үйлддэг. Энэ бүхнийг даваад ирэхэд эрчүүдийн чанар чансаа бас л танигдана даа.

 

-Энэ дашрамд хүмүүст мэндчилгээ дэвшүүлэх боломжтой?

 

-Хошууч генерал Ш. Лхачинжав даргатай Хил хамгаалах ерөнхий газрын хамт олон, Монгол улсын заан, Хурандаа Ц.Мягмарсүрэн даргатай “Хилчин” биеийн тамир, спортын хорооны хамт олон, Хурандаа Батбаяр даргатай Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хамт олон, Н.Одонбилэг захиралтай “Эрдэнэ суварга” ХХК-ийн хамт олон, Л.Мөнхбаатар тэргүүтэй “Хөвсгөл хөгжил” сангийн хамт олон, багш  Улсын харцага Элбэг, хүчний бэлтгэлийн багш Хосбаяр, өөрийн ах Т.Батмөнх болон дотны найз С.Батгэрэл нартаа маш их баярлалаа гэж энэ завшааныг ашиглаж хэлмээр байна. Монгол улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн нь дан ганц миний хүч хөдөлмөр биш. Энэ олон сайхан хүмүүсийн тус дэм, урам зориг, сэтгэл итгэлийн хүч юм. Цаашдаа ард түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж явах юмсан гэж хичээдэг юм.

 

-Ингэхэд гэргий тань аль нутгийн хүн бэ? 

 

-Манай хадам аав Чулуунбат Архангай аймгийн Цэнхэр, хадам ээж Бүжинлхам Хөвсгөл аймгийн Галт сумынх. Манай эхнэрийг Чулуунчимэг гэдэг. Бид нэг хүүтэй.

 

Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Galt Lkhagwadorj:
Nutagiin dvvdee amjilt hvsei ci col nemn ee bitgii buugaarai
2016-07-30
Zochin:
Buhiin beltgel deer n ochij uzej blaa. Uneheer hund hatuu beltgel hiideg yum bn lee. Amjilt husey.
2016-07-30
Zorig:
Sain zaluu chadlaaraa garch irsen amjilt husie
2016-07-29