Улаанбаатар
Шашин, соёлын наадам болж өндөрлөлөө
2016-8-8

 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг хоёр дахь жилдээ “Хүй долоон худаг”-т  энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа.



“Даншиг наадам-Хүрээ цам-2016” наадам нь  хоёр өдрийн турш “Хүй долоон худаг”-т үргэлжлэв. Эдгээр өдөр 500 лам сүсэгтэн олонд зориулан ном хурж, Соёмбот туг залах ёслол, Мандал өргөх ёслол, Очирваанийн шүтээний тахилга, Өндөр гэгээний дүрийг залах ёслол, Хүрээ Цам харайх ёслол, Маани татах, хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний шагайн харваа, лам нарын тэмцээн, урлагийн тоглолт, аялал жуулчлалын үзэсгэлэн болж өндөрлөлөө.



Даншиг наадамд 256 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяат улсын Арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Даншгийн Аварга цол хүртлээ. Харин Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн даншгийн заан цолтой болов. Даншиг наадамд зориулсан Их насны хурдан морьдын уралдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Х.Энхтайваны хүрэн халзан морь түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Ц.Гончигсүрэнгийн хээр аман хүзүүдлээ. Харин жороо морьдын уралдаанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат С. Мөнхбаярын харлаг морь түрүүлсэн бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Батнарангийн хээр аман хүзүүдлээ.



Даншиг наадмын шагайн харваан тэмцээнд 23 багийн 190 гаруй харваач оролцож, тэргүүн байрт Монгол Улсын гарамгай мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг шалгарсан бол Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Эрдэнэбаатар ахлагчтай “Баатар Намун ” ХХК-ийн баг удааллаа.  



“Даншиг наадам-Хүрээ цам-2016” шашин, соёлын наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүчит бөх, хурд шандсаа сорьж, айргийн тавд хурдалсан морьдын бай шагнал, цэц мэргэнээ уралдуулсан шагайн харваачдад шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Гандантэгчэнлин хийдийн Их Шанзодба Л.Ариунжаргал, Да лам Х.Бямбажав, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр  нар гардуулав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин