Хаан Акихито хаан ширээнээсээ татгалзав
2016-08-09

Японы эзэн хаан хаан ширээнээсээ татгалзах хүсэлтээ гаргажээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” хэрхэн мэдээлэв.

 

2013 он. Эзэн хаан, хатан нар

 

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо болж буй XXXI удаагийн зуны олимптой зэрэгцэн Японы эзэн хаан хаан ширээнээсээ татгалзах хүсэлтэй буйгаа мэдэгдлээ. 2000 жилийн түүхтэй Японы эзэн хааны түүхэнд өмнө нь эзэн хаан хаан ширээнээсээ татгалзах шийдвэр гаргаж байгаагүй учир уг үйл явдал олон улсын анхаарлыг зүй ёсоор татлаа.  Эзэн хаан Акихито эрүүл мэндийн шалтгааны улмаас хаан ширээгээ дараагийн өв залгамжлагчид шилжүүлэх хүсэлтээ байгаа гэнэ. Тэрбээр 1989 онд Японы 125 дахь эзэн хаанаар өргөмжлөгдсөн билээ.

 

Хаан Акихито жилдээ хоёр удаа олны өмнө гарч, ард түмэндээ хандан үг хэлдэг.  Тэрбээр уг уламжлалыг эвдэж өчигдөр орон нутгийн цагаар 15.00 цагт үндэсний телевизээрээ дамжуулан мэдэгдэл хийсэн байна. Эзэн хаан “Би хэдийнэ 80 насыг давжээ. Азаар миний бие сайн байна. Биеийн байдал муудах тусам улс орныхоо бэлгэдлийн чанартай үүрэгт ажлаа биелүүлэхэд хүндрэлтэй болох вий гэхээс эмээж байна” гэж хэлжээ. Тэрбээр өчигдөр “татгалзах” гэдгийг үгийг огт ашиглаагүй бөгөөд уг үгийг “шилжүүлэх” хэмээн хэлсэн байна. Хаан Акихито 2010 онд түрүү булчирхайн хагалгаанд орсны дараахан биеийн байдал нь эрс муудах болсон юм. Тэрбээр энэ хугацаанд хэд хэдэн хагалгаанд оржээ.

 

Хаан, хатан хоёр жилдээ 250 гаруй уулзалт, айлчлал, хурал зөвлөгөөнд оролцдог билээ. “Эрүүл мэндийн шалтгааны улмаас хаан эдгээр уулзалтын 100 орчимд нь оролцох боломжгүй болсон” талаар Хааны ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. “Хаан үүргээ гүйцэтгэхэд бэрх болсон учир хаан ширээнээсээ татгалзах талаар бодох болжээ” хэмээн “NHK” агентлаг мэдээлжээ. Японы эзэн хааны гэр бүл жилдээ 100 сая ам.доллароос илүүгүй мөнгийг үрэх ёстой. Засгийг газрын зөвшөөрөлгүйгээр мэдэгдэл хийх хориотой байдаг юм.

 

2014 он. Угсаа залгамжлах ханхүү  Нарухито гэргийн хамтаар

 

Хэрвээ Засгийн газар хааны хүсэлтийг хүлээн авбал 56 настай Нарухито 126 дахь эзэн хаан болно. Тэрбээр 2005 оноос аавынхаа зарим үүргийг гүйцэтгэх болсон. Ханхүү Нарухито ард түмнийхээ дунд хамгийн нэр хүндтэй бөгөөд хэдэн жилийн өмнө хэсэг иргэд “Акихитог хаан ширээнээсээ татгалзаж, Нарухитог хаанд өргөмжлөх ёстой” гэлцгээж байсан юм. Акихито хаан ширээгээ дараагийн өв залгамжлагчдад шилжүүлэх хүсэлтээ гаргасан ч Японы Үндсэн хуулинд “Хаан өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ татгалзах” гэх заалт байхгүй. Акихито хаан бодлоо өөрчлөхгүй, шийдвэртээ үнэнч байвал Японы үндсэн хуулинд өөрчлөлт орж, дээрх заалтыг халах юм.

 

“Хаан хаан ширээнээсээ татгалзах” асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг залуучууд олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн бол 30-50 насныхан эзэн хаанаа амралтаа авч, биеэ эмчлүүлэхийг зөвлөсөн аж. Харин 70 дээш насныхан “Хэрвээ эзэн хаан хаан ширээнээсээ татгалзах нь хойч үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлэх болно” гэсэн байна.  Одоогоор уг асуудлаар Ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдэл хийгээгүй байна. “Тэрбээр эзэн хаантай удахгүй уулзаж, албан ёсны тайлбар хийнэ” хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Японы 125 дахь эзэн хаан

 

Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас Японы эзэн хааны эрх мэдэл багасч, зөвхөн билэгдлийн чанартай болсон. Япон улс Ази-Номхон далайн орнуудыг эзлэн түрэмгийлсэний төлөөсөнд ялагдал хүлээж, асар их хохирол, сүйрэл амссан билээ. Улс орноо хүнд байдалд оруулсанаа ухамсарласан Эзэн хаан Хирохито 1946 онд дээд тэнгэрийн язгууртан гэх өргөмжлөлөөсөө татгалзан “Түмний адил эгэл хүн” хэмээн өөрийгөө зарласан байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар хуучин төрийн тогтолцоог өөрчлөн байгуулах талаар хийсэн чухал алхмуудын дотор Эзэн хааны шууд захиргаанд ажиллаж парламент болон засгийн газраас илүү эрх мэдэлтэй байсан  Нууц зөвлөл болон Эзэн хааны ордны хэрэг эрхлэх яамыг татан буулгажээ.

 

Эдгээр арга хэмжээний үр дүнд Япон улс Үндсэн хуульт хаант засаглалтай улс болохыг 1947 оны үндсэн хуулиар баталгаажуулсан байна.  Японы эзэн хаан дипломат уулзалтууд болон ёслолын арга хэмжээнүүдэд оролцдог ч улс төрийн ямар нэгэн эрх мэдэл байхгүй болсон юм. “Эзэн хаан бол төр болон ард түмний эв нэгдлийн билэгдэл мөн” гэж Японы үндсэн хуулинд заасан байдаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин