Богд хааны ордон музейг танилцуулж байна
2016-8-11

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс нийслэлийн иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалт газрыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ.


Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван сүм хийдээс Богд хааны ордон музейн цогцолборын түүхийг гэрэл зургийн хамт танилцуулж байна.



Товч түүх:


VIII Богд Жавзундамба хутагтад зориулан 1893-1905 онд Ногоон ордны уран барилгын цогцолборыг Туул голын ар хөвөөнд байгуулжээ. 1907 онд Манжийн хаанаас тус ордонд “Шаравпэлжээлин буюу Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм” хэмээх нэр хайрласан байна.



Ногоон ордон нь Ямпай хаалга (Халхавч хаалга гэсэн утгатай хятад үг), Асарт гурван хаалга, Шөргөн хайс, Тугны мод, Андинмэн буюу Амгалан энхийн хаалга, Махранзын сүм (Дөрвөн их хааны сүм), Жин хонх, Жин хэнгэрэгний сүүдрэвч, Эрдэм итгэмжит (Найдан) сүм болон хоёр талын Жотхан сүм (Тахилын сүм гэсэн утгатай төвд үг), Ногоон лаврин (Ордон гэсэн утгатай төвд үг) болон түүний өмнө талын хоёр Жотхан сүм, Хувцасны сангийн байшин зэргээс бүрдэж байсан ба зарим жижиг сүм, Дарь эхийн сүм, аж ахуйн үйлчилгээний барилгууд, амьтдын байр зэрэг нь хадгалагдаж үлдээгүй. Ногоон лаврин нь VIII Богдын гол шүтээний сүм бөгөөд Богд өөрөө зуны цагт өдөр бүр ном бясалгаж нямба хийдэг байв. Лаврин сүмийн хамгийн дээд жижиг оройн сүмд хааны гол шүтээн Очирдарь бурхныг залж байжээ.


Оросын II Николай хаанаас VIII Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1903-1905 онд өвлийн ордон хэмээх европ маягийн хоёр давхар цагаан байшинг барьжээ. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт 20 гаруй жил амьдаржээ.

 


Ногоон ордон төлөвлөлтийн хувьд гол тэнхлэг дээр “Цогчин дуган” буюу гол сүм орших бөгөөд тэнхлэгийн дагуу буюу тэгш хэмийн байрлалаар урдаас хойш сүм дугануудыг зориулалтаар нь эрэмбэ дараатай байрлуулдаг ёсыг баримталжээ. Ордны барилгууд нь хятад хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн хийц нь мод, чулуу, тоосго ба дээврийг хөх ваар болон төмрөөр хийсэн байна.

 

 

Энэ ордон нь Монгол улсын хамгийн сүүлчийн хааны дөрвөн ордны нэг бөгөөд Богд хааныг нас барсны дараа 1926 онд музей болгосон байна.

Хамгаалалтын зэрэглэл:


Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоорулсын хамгаалалтад авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор мөн улсын хамгаалалтад авчээ.



Байршил:


Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо, Богд Жавзундамбын гудамж, Зайсангийн гудамжны уулзварын баруун хойд талд байрладаг. Улаанбаатар хотын төв цэгээс баруун урагш 3 км зайтай

 

Shuud.mn
Сонин хачин
zzz:
Mongold hot tohijuulah bazar gem baidag baisan odoo baina uu? Eroosoo zuleg nogoo archilj chadahgui umaa, shariljiig ni ustgaj zulgee tarj surmaar umaa, odoo yed zugeer zylegnii mashinaar hadaj bolno shdee, halzarhai hesgiig ni zulegjyyleech orovdeltei haragdaad baina,,,iim tyyhen dursgalt gazriig yadaj archilj suraach
2016-08-11