Б.Ринчений нэрэмжит шагналыг гардуулав
2016-08-15

 

Олон улсын монголч эрдэмтний XI дүгээр их хурал Төрийн ордны их танхимд эхэллээ. Тус их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс болон 29 орны 400 гаруй эрдэмтэн оролцож байна.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Бид энэ жил Монгол Улсын Их Сургууль, ШУА-ийн эрдэмтэдтэй хамтран “Монгол-Ил хаадын судалгаа”, “Монголын нууц товчоо” каталоги, “Монголын эртний түүх” 5 боть, “Монголын их түүхийн цахим лавлах” номын төсөл; үндэсний сонгодог өвийг өвлөн уламжлагчдыг дэмжин “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” цомог бүтээх төслийг хэрэгжүүлж байна. Монгол төрийн хараа монгол судлалаас алхам ч холдоогүйг эндээс харж болно. Монгол судлаачид залуу халаагаа бэлдэхэд улам их анхаарч ажиллах шаардлагатай байна. Судалгааны авьяастай, хичээл зүтгэлтэй залуусыг эрдэмд хөтлөх хэрэгтэй. Эрдмийн хүрээнд нутгархах үзэл, багш шавийн уламжлалаар талцах хэрэггүй юм. Үүнийг манай Монголын монгол судлаачид онцгой анхаарвал зохино. Монгол хүн бүр монголын судалдаг судлаач Та бүхэнд баярлаж яваа гэдэгт би итгэж байна. Тиймээс холбогдох төрийн байгууллагууд, хувь хүмүүс монгол судлаачдаа улам их дэмжиж байхыг уриалъя.

Судалгааны ажил бол амаргүй үйл хэрэг. Бэрхийг туулах гэж судлаач болсон Та бүхэнд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.Хүн бүр гурван цагийн хэлхээнд мөнх орших монголын нэрийг сайнаар дуурьсгах эрхэм үүргээ цаг мөч бүхэнд ухамсарлаж, улам их хичээж зүтгэх хэрэгтэй. Хичээвэл бид хэнээс ч илүү билээ. Та бүхэндээ баярлалаа. Эрдмийн гэгээн үйлс ашид дэлгэрч, монгол судлал улам бүр хөгжих болтугай” хэмээв.

 

 

Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон эрдэмтдийг төлөөлөн ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл үг хэлэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ "“Олон улсын эрдэмтэн судлаач та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Монгол судлалыг дэмжих үндэсний зөвлөлийн өмнөөс та бүхэнд талархал илэрхийлмээр байна. Бид жил тутам монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд тодорхой төсөв баталж ажиллаж байна. Монгол судлалыг бодлогоор дэмжсэний үр дүн нь энэ салбарыг сонирхох залуу эрдэмтэд төрөн гарч байна. Монголч судлаачид бол монголын талаар хамгийн бодитой баримт мэдээллийг дэлгэн тавьдаг билээ. Дээр дурьдсан эерэг зүйл байгаа ч төсөв хөрөнгийн гачигдлаас болж гадаадын монгол судлалын үйл ажиллагааг дэмжиж чадахгүй байна. Цаашид төсөв хөрөнгийн боломжийг харгалзан үзэж гадаадын монгол судлалын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг болгоод буй” гэлээ. 

 

Үүний дараагаар академич Б.Ринчений нэрэмжит шагналыг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү ёслол олон улсын монголч эрдэмтдийн хурлын үеэр таван жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ удаагийн  шагналыг МУИС, Олон улсын Улаанбаатар их сургуулийн профессор Ц.Шагдарсүрэн, Утга зохиолын шинжлэх хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Э.Пүрэвжав, ОХУ-ын  монголч эрдэмтэн, доктор, профессор Н.С.Яхонтова нарт олгохоор шийдвэрлэжээ.  Шагналыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь гардуулав.

 

Ийнхүү монголч эрдэмтдийн олон улсын XI чуулганы нээлтийн ёслолын ажиллагаа өндөрлөлөө.  Хөтөлбөр ёсоор хүндэтгэлийн зоог барих ёслол болж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
alta:
Энэ шагналыг гадаадын монголч эрдэмтэдэд өгөх нь зүйтэй байсан юм
2016-08-15