Төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулна
2016-08-18

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь  5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая  төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болов. Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо  үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоолоо. Мөн энэ шийдвэртэй холбогдуулан  цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах  зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болов. Мөн цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг үүрэг болголоо.   

 

Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулав

 

Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Шалгалтын дүн болон цаашид авах арга хэмжээний талаарх саналаа 2016 оны 9 дүгээр сарын 10-ны дотор Засгийн газарт танилцуулахыг ажлын хэсэгт даалгалаа. 

 

Зарим аж ахуйн нэгжид нэг хувийн орлогын албан татвар ногдуулах хуулийн төсөл боловсруулна

 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг баталлаа. Баталсан үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Сангийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгалаа. Засгийн газрын хуралдаанаас баталсан үзэл баримтлалаар бол жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй  борлуулалтын орлоготой  нэр бүхий салбарын аж ахуйн нэгжид 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа юм.

 

Малын гаралтай бүх түүхий эдийн экспортыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулна

 

Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд дэмжлээ. Энэ хүрээнд малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл  боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт даалгав.

 

Хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ннээс мөрдөхөөр төсөлд тусгаад байна. Төсөл батлагдсанаар малын гаралтай түүхий эдийн экспорт нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын хөгжил эрчимжин, малчин өрхийн орлого нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

 

Бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг өглөө

 

Монгол Улсын 2016 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж батлуулах хүртэл зарим арга хэмжээг авахаар бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг өгч  Засгийн газраас тогтоол баталлаа. Үүнд,

 

1.  Бүх шатны төсвийн байгууллагын төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэхээр болов.  

 

2.  2016 оны наймдугаар сарын 17-ноос хойш бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлахгүй, гэрээ байгуулахгүй. Энэ хугацаанаас өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зогсоох.

 

3.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг худалдан авахыг шинээр зохион байгуулахгүй байх. 2016 оны наймдугаар сарын 17-ны байдлаар гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл нь гараагүй, удаашралтай байгаа барилга, байгууламжийн санхүүжилтийг хойшлуулахаар болов. 

 

Засгийн газрын хуралдаанаар зарим томилгоо хийлээ

 

1.  Өөрийнх нь хүсэлтээр Г.Ганболдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаас чөлөөлж, тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэнг,

 

 

2.  Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг ,

 

3.  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүхийг,

 

4.  Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбатыг,

 

5.  Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Энхтүвшин нарыг тус тус томиллоо 

 

Товч мэдээ:

 

  • Оны эхний хагас жилд гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал, мал, амьтны гоц халдварт цэцэг, гахайн мялзан өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөр, ой, хээрийн түймэр, хүчтэй шуурганаар орон гэргүй болсон өрхөд улсын нөөцөөс олгосон иж бүрэн 40 гэрийг нөхөн бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. 

 

  • Өндөрхаан-Чойбалсан /143 км/, Тосонцэнгэл-Улиастай /67 км/, Цахир-Тосонцэнгэл /127.1 км/, Булган-Үенч-Ховд /60 км/ чиглэлийн автозамыг ашиглалтад бүрэн оруулахад шаардлагатай санхүүжилтийг 2016 оны төсвийн тодотголд тусгахаар болов.

 

  • Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шийдвэрүүдийг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзэж, дүнг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгав. Шаардлага хангаагүй шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үүргийг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох албан тушаалтанд өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болов
2016-08-18
иргэн:
Ам ажил 2 чинь хол зөрөөд байна. Төрийн албан хаагч нарын цалинг бууруулахгүй гэсэн яасан бэ, 2 нам үе шаттай бууруулсаар байна. Зардлуудаа адилхан бууруулаачээ
2016-08-18