Ц.Жаргалантуул: Сугалаагаар 9700 хүүхдийг элсүүлнэ
2016-08-18

 

Нийслэлийн боловсролын газраас 2016-2017 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн боловсролын газрын сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуултай цөөн хором ярилцлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Шинээр цэцэрлэгт хамрагдах хичнээн хүүхэд бий вэ?

 

-Нийслэлийн хэмжээнд 2 настай буюу шинээр цэцэрлэгт бүртгүүлэх 19 мянган хүүхэд байгаа. Эдгээр хүүхдээс Нийслэлийн Төрийн өмчийн цэцэрлэгт 9753 хүүхдийг бүртгэж авах боломжтой. Үлдсэн 9200 орчим хүүхдийг хувийн цэцэрлэгт элсүүлэх ажлыг Нийслэлийн боловсролын газраас  зохион байгуулна. Хувийн цэцэрлэгүүд дунджаар нэг бүлэг буюу тус бүр 40 хүүхэд элсүүлж авдаг. Ингэхээр дунджаар 2000 гаруй хүүхэд хувийн цэцэрлэгт элсэх боломж бүрдэж байна гэсэн үг. 

 

-Бүртгүүлсэн бүх хүүхдүүд сугалаанд хамрагдах уу?

 

-Зөвлөмжийн дагуу энэ сарын 22-25-нд шинээр элсэх хүсэлтэй бүх хүүхдийг бүртгэнэ. Мөн хуучин хүүхдүүд ч баталгаажуулж бүртгүүлнэ. Харин сугалааг зөвхөн хоёр настай 19 мянган хүүхэд дунд явуулна.

 

-Сугалгаагаар хичнээн хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх вэ?

 

-Төрийн өмчийн цэцэрлэгийн хүчин чадал 9700 байна. Хоёр настай хүүхэд хүлээн авах боломж нь ийм байна.

 

-Эцэг эхчүүд сугалааны тасалбараа хаанаас яаж авах вэ?

 

-Элсэлтийн тасалбарыг эцэг эхчүүд тухайн хамран сургах тойргийнхоо цэцэрлэгээс  энэ сарын 26-наас өмнө дөрвөн хоногийн дотор авах боломжтой. Дараалал, дугаар гэхгүй учраас хэзээ ч очиж хүүхдээ бүртгүүлээд эсэллтийн тасалбараа аваад явж болно. Өөрөөр хэлбэл хоёр настай тухайн жилд элсэх гэж байгаа бүх хүүхдийг бүртгэнэ. Бүртгээд дууссаны дараа сугалаагаар зохион байгуулалтыг хийнэ гэсэн үг.

 

-Сугалаагаар орж чадаагүй хүүхдүүд хандиваар ороод ирдэг гэдэг?

 

-Хандивыг хорьж байгаа. Хандив авах шаардлагагүй. Боловсролын тухай хуулиар боловсролын сан гэж байдаг боловч үүнийг сайдын тушаалаар хорьсон. Бид зөвлөмж дээрээ ч үүнийг тусгасан байгаа. Ийм зөрчил гарсан тохиолдолд цэцэрлэгийн эрхлэгчид арга хэмжээ тооцож байгаа. Өмнө нь ийм асуудал гарч зохих хэмжээний сануулгыг зарим эрхлэгч нарт өгч байсан.

 

-Сугалаанд эцэг эхчүүд шүүмжлэлтэй ханддаг. Үүнээс өөрөөр шийдэх арга байхгүй юу?

 

-Бид маш олон хувилбар ярьсан. Нэг цэцэрлэгт 30 хүүхэд бүртгэхэд эцэг, эхчүүдийн дунд дайн болоод эхний 30 хүүхдийг л бүртгэнэ. Тийм учраас хүн бүрт ижил тэгш боломж олгох үүднээс элсэлтийн тасалбарыг гаргасан.

 

-Цэцэрлэгийн багш нар 500 мянгаас сая төгрөг авч хүүхэд цэцэрлэгт оруулдаг гэсэн яриа байдаг. Үүнд ямар хяналт тавих вэ?

 

-Бид хандив авах, мөнгө авч сургууль цэцэрлэгийн орчинд оочер дараалал үүсгэхийг хориглоно гэж зөвлөмж дээрээ тусгасан байгаа. Энэ асуудлыг таслан зогсоохын тулд элсэлтийн тасалбарыг гаргаад байгаа юм. Тухайлбал 107 дугаар цэцэрлэгт хүүхдээ хамран сургах тойргийн эцэг эхчүүд бүгд очоод  бүртгүүлчих учраас мөнгө төгрөг өгөх тийм асуудал гарахгүй болов уу. Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж нэмэгдэх тусам цаашид  энэ асуудал шийгдэх байх гэж харж байна

 

-Гурван настай хүүхдийг цэцэрлэг хүлээж авдаггүй. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

 

-Өнгөрсөн хичээлийн жилд 2013 онд төрсөн бүх хүүхдийг элсүүлсэн. Өөрөөр хэлбэл авах цэцэрлэгийн хүрэлцээгээр ингэж зохицуулж байна гэсэн үг. Энэ жил бол 2014 онд төрсөн бүх хүүхдийг бүртгэнэ. Тэгэхэээр 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд төрсөн ч бай, нэг сарын нэгэнд төрсөн ч бай бүртгэнэ. Ирэх жил болохоор гурван нас хүрдэг. Тэгэхээр цэцэрлэгт орох боломж байхгүй болчихно. Тийм учраас энэ асуудлыг шийдхээр сүүлийн хэдэн жил оноор нь элсүүлж байгаа юм.

 

-Хамрагдаж чадалгүй үлдсэн 3-4 настай олон хүүхэд бий?

 

-Цэцэрлэгийн элсэлт хүчин чадлаасаа хамаардаг. Нэг бүлэгт 15-20 хүүхэд байх ёстой. Гэвч бид эцэг, эхчүүдээ бодож хүрэлцээ хангамжийг 40 болгоод байна. Ингэхээр хүүхэдтэй ажиллах орчин нөхцөл талаасаа хэцүү байгаа. Багшийг 40 хүүхэдтэй ажиллаж байгаа гээд бид нэг төгрөг ч илүү өгөхгүй шүү дээ. Тэгэхээр цэцэрлэгийн ачаалал хүнд байна. Бид аль болох цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүгдийг нь хамруулахаар арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ жил тодорхой цэцэрлэгүүдэд 3-4 настай хүүхдийг элсүүлэх элсэлтийн тоо бий.

 

-Аль дүүрэгт хамгийн олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна вэ?

 

-БЗД, СХД-д цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хүүхэд олон байдаг.

 

-Цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Тэгэхээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгүүдэд хоолны зардлыг нь өгөөд үнийг нь хямдруулах боломж бий болов уу?

 

-Хувийн цэцэрлэгүүд тодорхой хүчин чадлаараа зөвшөөрөл авдаг. Тийм учраас анги танхимын хүрэлцээнд тохируулан өөрсдөө элсэлтээ зохион байгуулах үүрэгтэй. Элсэлтээ зохион байгуулаад дахин хүүхэд хүлээн авах чадалтай хувийн цэцэрлэгүүдээс  нийтдээ 3077 хүүхэд хамруулах боломжтой гэсэн мэдээлэл бидэнд ирсэн байна. Үүний дагуу хүүхдийн хоол, хувьсах зардлыг тооцоход зөвхөн он дуустал 1.4 тэрбум төгрөг шаардлагатай байна. Цаашид улсын төсвийн дараагийн тодотголд үүнийг тусгах асуудлыг бид яаманд тавьсан байгаа. Хэрэв шийдэгдвэл хувийн цэцэрлэгт хүүхдийг үнэ төлбөргүй явуулах боломжтой болох юм.

 

-Хувийн компаниуд ч цэцэрлэгтэй болох асуудал яригдаж байна. Үүнийг хэрхэн дэмжих вэ?

 

-Байгууллагын цэцэрлэгт хүүхдийн хоолны мөнгө, хувьсах зардлыг олгож байгаа. Тэгэхээр зөвхөн тогтмол зардал нь тухайн байгууллагаас гарна гэсэн үг. Энэ асуудал өчигдөр Засгийн газрын хуралдаан дээр яригдсан. Цаашдаа барилга, хороолол барихдаа заавал цэцэрлэгтэй байх, томоохон компаниуд ч ажилчдын хүүхдээ хамруулах цэцэрлэгийг байгуулах зэрэг зүйлийг тусгах чиглэл өгсөн байгаа. Тэгэхээр цэцэрлэгийн хүртээмжийн асуудал цаашид шийдэгдэх боломжтой гэж харж байгаа.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
doorh nohor, chi ooriihoo huuhdiin tolboriig ooroo l daana shd
2016-08-18
po:
huwiin tsetserlegt ogwol tolboriig n hen daah nlj bgn???
2016-08-18