Мансууруулах ургамал түүсэн этгээдийг илрүүллээ

Энэ сарын 17 буюу өнгөрсөн лхагва гаригт цагдаагийн албан хаагчид мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг их хэмжээгээр түүж бэлтгэн, бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсан хэргийг илрүүлжээ. Уг үйлдлийг иргэн П хийсэн бөгөөд түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөн Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн долоодугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын иргэн Т, Б, С, Г нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу мөсийг бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалтын явцад дээрхи этгээдүүдийн 3 нь давтан гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогджээ.
Дээрх хэргүүдийн сэжигтэн П, Т, Б нарыг ШШГЕГ-ын хорих 461-р ангид сэжигтэнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Энэ оны долоо, наймдугаар сард хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 23 холбогчтой 10 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагийн ихэнх нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг түүж, бэлтгэн, боловсруулж, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг эзэлж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ