Хэдий болтол азын сугалаа татах вэ
2016-08-24

Нийслэлийн статистик мэдээгээр энэ жил цэцэрлэгт хамрагдах 145 мянган хүүхэд байгаа аж. Гэвч 101 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах бололцоотойг Нийслэлийн боловсролын газраас мэдээлсэн. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүн амын төвлөрөлт ихтэй Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгийн насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадалгүй үлдэх нь их байдаг талаар хэлж байсан билээ. Иймд СХД-ийн 127 дугаар цэцэрлэгээс сурвалжлага бэлтгэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

127 дугаар цэцэрлэгт суралцаж байгаа хүүхдүүдийг бүртгэхгүйгээр энэ сарын 23-25-ны хооронд нэрсийн тулгалт хийж дахин суралцах эрхийг нь баталгаажуулах юм байна. Харин шинээр элсэн суралцах хүүхдийн бүртгэлийг энэ сарын 22-нд явуулж дуусчээ. Тус цэцэрлэг нь 2 настай 75, 3 настай 25, 4 настай 20, 5 настай 30 хүүхэд, нийтдээ 150 хүүхэд шинээр бүртгэжээ. Бүртгэл хоногийн дотор явагдаж дууссан бөгөөд эхний 150 хүүхдийг элсүүлэхээр бүртгэж, нэрийг гадаа самбар дээр хадсан байв. Элсэн суралцах 150 хүүхэд нь тус дүүргийн 11-р хорооны 1-5 дугаар хэсэг буюу “Мандал”, “АОС”, “Овоот”, 28-р хорооны 2-5 настай хүүхдүүд аж. Тус цэцэрлэгт гэр хорооллын хоёр хорооны хүүхдүүдийг хамруулдаг учраас сугалаагаар элсэгчдээ бүртгэхгүй аж. Тэгэхээр үндсэндээ энэ цэцэрлэгийн элсэлтийн үйл ажиллагаа дууссан байна.

 

Тиймээс ч цэцэрлэгийн бүртгэл эхэлсэн хоёр дахь өдөр тус цэцэрлэгийн эргэн тойрон нам гүм байлаа. Учрыг асуухад эцэг, эхчүүд бүртгэл эхлэхээс 4-5 хоногийн өмнө дугаарлан байж хүүхдүүдээ бүртгүүлсэн аж. Харин бүртгүүлж чадалгүй үлдсэн зарим нь дэмий л цэцэрлэгийн үүд сахин, ажиг тавьж суугаатай таарлаа.

 

Бүртгэл эхэлсэн өдөр 250 гаруй хүн дугаарлан зогссон байжээ. Гэвч цэцэрлэгийн хүрэлцээ, багтаамжаар 150 хүүхэд элсүүлэн авчээ. Ингээд хүүхдээ бүртгүүлж амжаагүй эцэг эхчүүдийн төлөөлөл болгож СХД-ийн 28 дугаар хороонд оршин суух иргэн Д.Ширнэн гуайгаас зарим зүйлийг тодрууллаа.

 

Д.Ширнэн: Хоёр хоног дугаарласан ч бүртгүүлж чадсангүй

 

-Та энд хэр удаан амьдарч байгаа вэ. Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж чадсангүй юу?

 

-Манайх энд амьдраад олон жил болж байна. Манай ач одоо таван настай. Түрүү жил хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн боловч таван нас хүрэхэд хоёр сар дутуу байна. Манайх энэ жил 2011 оны хүүхэд авахгүй гээд эрхлэгч нь буцаасан. Энэ жил бүртгэл гүйцсэн гээд бас л авсангүй. Таван настай хүүхдүүд ирэх жил сургуульд орно тэгэхээр цэцэрлэгт явахгүй бол хэцүү шүү дээ.

 

-Та хэзээнээс дугаарлав? Яагаад бүртгүүлж чадсангүй вэ?

 

-Уг нь бүртгэл энэ сарын 22-нд 09.00 цагт эхэлсэн юм. Өчнөөн хүмүүс хүүхдээ бүртгүүлэх гээд бөөн дараалал болдог учраас би хоёр хоногийн өмнө ирж дугаарласан. Нэг ёсондоо цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлнэ гэдэг чинь хэн нь бяр тэнхээтэйгээ үздэг явдал болоод байна. Энэ цэцэрлэг 150 хүүхэд л шинээр бүртгэнэ гэсэн. Би уг нь 130 орчимд л зогсож байсан юм. Гэтэл бүртгэл дууссан л гэлээ. Бид ингээд гурав хоног ядарч зогсоход эрхлэгч, ажилчид нь 300 мянган төгрөгийн хээл хахууль аваад л хүүхдүүдийг дарааллын өмнүүр оруулчихдаг гэх яриа бий. Ер нь ч ийм байдал хаа ч байгаа. Гэхдээ дахиад хүүхэд нэмээд авчихвал цэцэрлэг нь дэлбэрчих шахуу юм яриад л нэг их загнаад бүртгэл дууссан гэсэн. Ингээд л хоёр хоног цаг нөгцөөж энд зогссон болж таараад л хоосон хоцорлоо доо.

 

-Одоо ачаа гэртээ харах уу, Эсвэл өөр цэцэрлэг хайх уу?

 

-Цэцэрлэгүүд чинь харьяаллынхаа дагуу хүүхдээ авдаг болохоор бидний хүүхдийг өөр газарт авахгүй шүү дээ. Нэг нас л дутуу юм чинь гээд сургуульд өгчихье гэхээр сургууль нь авахгүй. Энэ таван настнууд одоо яах юм бүү мэд. Жил бүр л ийм асуудал гардаг шүү дээ. Хувийн цэцэрлэгт өгнө гэхээр үнэ нь өндөр.

 

-Танд төр засагт дайх үг бий юу?

 

-Шинээр хүүхдийн цэцэрлэг барьчихаж болдоггүй л юм байх даа. Олон давхар сайхан сайхан барилга хором зуур л нүдний өмнө сүндэрлээд болоод байх юм. Гэтэл хүүхдүүд сургачих нэг жижигхэн цэцэрлэг бариад өгөх буянтан л байхгүй юм даа. Салбарын сайд нь үүнийг анхааралдаа авмаар юм.

 

Эртнээс дугаарлаж, хүүхдийнхээ нэрийг бичүүлж, өдөрт 2-3 удаа нэр дуудахад байж байх ёстой. Гурван удаа нэр дуудахад дугаарлаагүй байх юм бол нэрийг хасна гээд хоёр хоног энд дугаарласнаа настан хэлж байлаа. Хэн хасаад, хэн бүртгээд байсныг тодруулвал эхэлж ирсэн эцэг эхчүүд зөвлөл байгуулан уг ажлыг хариуцсан аж. Ингэж хэд хоногийн өмнөөс идэвхитэй дугаарлаж, өдөртөө 4-5 удаа цэцэрлэгийн үүдээр эргэлдэж, хонон, өнжин байж зогссон ч бүртгэх ёстой 150 хүүхдэд ач нь багтсангүй. Горьдлого, найдвар тавин цэцэрлэгийн үүд сахин суугаа нь энэ ажээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

127 дугаар цэцэрлэгээс БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийг зорилоо. Тус цэцэрлэг 330 гаруй хүүхдийн багтаамжтай ч өдгөө 550 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа аж. Өнөө жил 2 настай 35 хүүхэд, 3 настай 2 хүүхэд, 4 настай 2 хүүхэд, 5 настай 1 хүүхэд, нийтдээ 40 хүүхэд л бүртгэж байгаа аж.

 

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 22-нд  эхэлсэн ч эцэг эхчүүд энэ сарын 20, 21-ны өдрөөс эхлэн санаа зовж эхэлжээ. Энд цугласан эцэг, эхчүүд зарим нь хүүхдээ бүртгүүлж, бүртгүүлсэн нэг нь сугалаа сугалж, азаа үзэхээр хүлээж сууна. Тэд ийн ярив.

 

Боловсролыг азын сугалаагаар тодруулах гэж байна

 

-Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Л.Алтанчимэг: Улсын хэмжээнд цэцэрлэгийн тоо хүрэлцэхгүй байна. Иймд бид төр засгаас ямар ч тусламж шаардахгүйгээр өөрсдөө дугаарлаж зогсоод 5-6 хонож байж дөнгөж нэг хүүхдээ бүртгүүллээ. Одоо дахиад азын сугалаа сугална. Сургуулийн өмнөх насны боловсрол гэдэг бол хүүхдэд хамгийн хэрэгтэй зүйл. Харин энэ боловсролыг өнөөдөр азын сугалаагаар тодруулах гэж байгаа нь ёс зүйд нийцэхгүй байна.

 

Сугалааны цаана нөгөө л  хээл хахууль чинь дэлгэрэх болно шүү дээ

 

-Баянзүрх дүүргийн иргэн Х.Мөнхжаргал: Би гурав хоног энд дугаарласан. Хүүхдийг минь цэцэрлэг авахгүй байхвий гэж айснаас л ингэж цаг заваа үрж дугаарласан. Өнгөрсөн жил би хоёр настай хүүхдээ цэцэрлэгт оруулах гэтэл авахгүй гэсэн. Тэгээд энэ жил гурван нас хүрсэн хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн боловч нийт 40 хүүхэд бүртгэнэ. 20 хүүхэд нь өмнө нь байсан хүүхдүүд гэж хэлж байна. Өнгөрсөн жил хоёр настай хүүхэд аваагүй хэрнээ тэр 20 хүүхэд хаанаас гараад ирсэн нь гайхмаар хэрэг. Иймээс л бид цаг зав, ажлаа үрэн байж дугаарласан. Одоо тэгээд азаа үзэх гээд л хүлээгээд зогсож байна. Бас байхгүй хойгуур булхай, луйвар хэрэглэчих вий гээд л энд зогсож байна. Энэ сугалааны цаана нөгөө л хандив, хээл хахууль чинь дэлгэрэх болно шүү дээ.

 

Нийслэлийн боловсролын газрын сургалт хариуцсан хэлтсийн дарга Ц.Жаргалантуул “Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 31 цэцэрлэгийн шинэ буюу өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор орны тоо 3990-ээр нэмэгдэнэ. Мөн Төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225-аар буюу нийт 615 хүүхдээр нэмэгдэх төлөвтэй байна” хэмэээсэн. Хаана баригдаад, хэний хүүхэд түүнд хамрагдах вэ. Ямартай ч хүн амын төвлөрөлт ихтэй дүүргүүдэд цэцэрлэгийн хүрэлцээ муу хэвээр байна. Үндсэндээ 2-5 насны хүүхдүүдэд хүрэлцэхүйц  цэцэрлэг алга. Холбогдох албаныхан энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэдэгт итгэж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Угтаа Нийслэлийн иргэд жилд, хоёр ч удаа нэг дор олноороо цугларч сүрхий муудалцах болж. Нэг нь Төв цэнгэлдэхэд наадамлах гэж тасалбарт дугаарлаж маргана. Нөгөө нь намрын намарт цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлж, бас ч үгүй сугалаа татаж, ёндоогоо үзчих санаатай оочер булаалдах аж.

 

Сар гаруйн өмнө Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадам боллоо. Улсын баяр наадмаа цэнгэлдэхэд үзэхээр билет авах гэж дөрөв хоногийн турш дугаарлан зогссон иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн байв. Тэд бүгд л кассын ажилчид луйвар хэрэглэж буйг хэлж байсан. Өнөө харин цэцэрлэгийн бүртгэл эхлээд гурав хонож байна. Төрийн өмчит цэцэрлэгүүдийн үүдэнд наадмын тасалбарт дугаарласнаас ч олон хүн, 2-7 хоног оочерлосон гэнэ. Тэд мөн л цэцэрлэгийн эрхлэгч, багш нарыг бизнес эрхэлж буйг хэлэх аж. Хэрэв үнэхээр л дотор нь ажиллаж буй хүмүүс эрх ашгийн зөрчил гаргаж, энгийн номхон ардаа хохироож буй бол яам тамгын газар, цаашлаад төр засаг үүнд анхаарал хандуулах цаг болсон юмдаг уу даа. Үгүй бол ажилчдын монополь байдал газар авах нь.

 

 

Бухимдал дагуулсан цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусна. Харин маргааш дахиад азаа үзнэ. Цэцэрлэгт орохоор хувцас, хэрэглэл зэхсэн багачууд бүгд биш ч хэн азтай нь цэцэрлэгт явна. Харин сугалаанд нэр нь гарч ирээгүй жаал, өөрийгөө азгүйд тооцож, өдий багаасаа гутранги үзэлтэй болчих вий дээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ганцхан л арга бий. Хөдөөний хүмүүсийг нутаг руу нь буцаа. Тэгээд л асуудал шийдэгдэнэ.
2016-08-25
Зочин:
Манайх шиг төсвийнхөө 60 хувийг нийгмийн халамжид зарцуулдаг тогтолцоог халах хэрэгтэй. Цэцрлэг яслийн насны хүүхдээ хүртэл төрөөр хооллуулах гээд өдөржин шөнөжин дугаарлуулаад байна. Гэтэл Үндсэн хуульд ерөнхий боловсролыг л төр үнэ төлбөргүй олгоно гэсэн байгаа. Тэрнээс хүүхэд гаргахаар нь үнэгүй харахд, хооллоод, өсгөөд өгье гэсэн тогтолцоо дэлхийд өөр хаана ч байхгүй болж байна.
2016-08-25
Зочин:
Neeree eostoi uneheer archaagui tur zasag aa....yadaj huuhduudee ch tsetserlegeer hangaj chadahgui, ..sugalaa baihdaa yahav...tenegii...archaagui archaagui
2016-08-24
Зочин:
их хурлын гишүүдээ сугалаагаар сонгож байвал яасан юм бу бүгд адихан юм чинь ....
2016-08-24
иргэн:
аль дүүргийн цэцэрлэгүүд ингээд сүйд болоод байгаа юм бэ баянгол дүүргийн цэцэрлэгүүд зүгээр л дугаар гээд байх юмгүй хүндрэлгүй бүртгээд л авч байна лээ
2016-08-24
Зочин:
батүүлийн оффшор дах мөнгөөр цэцэрлэг барьсан цагт?
2016-08-24
zochin:
songuulia sugalaagaar yvuuldag ulsiin her ni sugalaa gedeg uls bolchvol deer bishyy gazar bair teste tyrees tatvar ni bygd sugalaa argaa barsan um 3sayiig huvaarilj tejeej chaddaggyi mal 30d jild busad ni bar boldog manaih bygdiig ni ustgaad omch huvchlal nereer ulam namagt shiljih gej daanch...........
2016-08-24
үнэнийг бичжээ:
сэтгүүлчид энэ талаар сайн бичих хэрэгтэй нэгэнт эхний жил орж чадахгүй бол тэгээд сургуульд ортлоо хохьчин болж бна шүүдээ хүүхдийн боловсролыг ингэж шийдэж болохгүй бхаа
2016-08-24