Оюутны сургалтын төлбөр нэмэгдэхгүй
2016-08-25

 
 
Их, дээд сургуулийн хичээл эхлэхэд долоо хоног үлдсэн. Тиймээс төрийн өмчийн сургуулийн төлбөр нэмэгдсэн эсэх талаар сургуулиудын захирал болон албаны хүмүүстэй холбогдож “speak out” хийлээ.

Р.Бат-Эрдэнэ:2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг нэмээгүй

/Монгол Улсын их сургуулийн захирал /
 
-Манай сургуулийн сургалтын төлбөр нэмэгдээгүй. Өмнөх жилийн төлбөрөөрөө байгаа. Энэ жил сайд төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх талаар тушаал гаргасан. Тэр дагуу манай сургууль төлбөрөө нэмээгүй. Мөн удирдах зөвлөлийн зургадугаар сарын 13-ны гуравдугаар тоот тогтоолоор 2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын түвшний сургалтын төлбөрийг баталсан.
 
Уг тогтоолд зааснаар курсээсээ хамаарч өөр өөр үнэтэй байгаа. Тухайлбал, Шинжлэх ухааны сургуулийн нэгдүгээр курсийн нэг багц цагийн төлбөр 80.200, хоёрдугаар курс 74.600, 3-4 дүгээр курс 64.600 төгрөгийн үнэтэй. Хэрэглээгний шинжлэх ухааны сургууль 1-2 дугаар 80.200, 3-4 дүгээр курс 69.100 төгрөг болсон. Ер нь нэг багц цагийн төлбөр 46-96 мянган төгрөгийн хоорон бий.
 
Мөн манай сургуулийн нэрэмжит тэтгэлэг байдаг. Бид бакалаврын төвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилгын хүрээнд уг тэтгэлгийг олгодог. Тэгэхдээ улсын чанартай олимпиадад амжилттай оролцож, медальт байр эзэлсэн оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг.

Б.Очирбат:Төлбөрөө огт нэмээгүй

/Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал/
 
-Жил бүр хичээлийн жилийн нэг кредитийн үнэлгээг гаргадаг. Манай сургууль энэ жил 2015-2016 оны хичээлийн жилийн нэг кредитийн үнэлгээг дагаж, мөрдөхөөр шийдвэрлэсэн. Нэг үгээр хэлбэл, сургалтын төлбөр нэмэгдээгүй байгаа гэсэн үг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын их, дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй гэдэг тушаал гарсан учраас бид ингэж шийдсэн юм. Сургалтыг төлбөрийг огт нэмэгдүүлээгүй. Өмнөх хичээлийн жилийн үнэлгээг мөрдөж байна.
 
Төлбөрийн хувьд курсээсээ хамаараад харилцан адилгүй. Тухайлбал, нэгдүгээр курсийн нэг кредитийн үнэлгээ 61813, бусад курс нь 56868 төгрөг байгаа. Өнгөрсөн жил ч ийм байсан. Ер нь нэг кредитийн дундаж үнэлгээ 59300 болж байгаа юм. Тэгэхээр нэг оюутан жилд 30 кредит судална гэж үздэг.  нэг кредитийн үнэлгээг нийт кредитдээ үржүүлвэл ойролцоогоор нэг сая 800 мянган гарч байгаа. дундаж төлбөр нь шүү дээ. Гэхдээ оюутан жилд 29 кредит хичээл судалж болно. 31 кредит ч судалж болно.
 
Сонгож байгаа хичээлээсээ хамаараад судлах кредит өөр байдаг. Мөн энэ жил улс орны эдийн засаг хямралтай байгаа учраас сургалтын төлбөрийг хагас жилээр авахаар болсон. Хагас жилээр төлбөрийг нь авбал дунджаар 15 кредит хичээлийн мөнгө авах юм. Бид нэгдүгээр курсийн оюутнуудад заавал судлах ерөнхий хичээлийн талаар жишиг зөвлөгөөг өгдөг. Ингээд бодохоор эхний семистерт 850-900 мянган төгрөг л авч байна. харин үлдсэн төлбөрөө дараа семистертээ өгнө. Төлбөрийн уян хатан нөхцөлийг сонгож, оюутнуудад боломж олгосон. Бүртгэлийн ажил мэргэжлээсээ хамаараад харилцан адилгүй байна.
 
Зарим нь дүүрсэн, зарим нь дүүрээгүй л байна. Бүртгэлийн ажил ШУТИС-ийнхаа байдлаар дунджаар 60 хувьтай явагдаж байна. Одоо ч үргэлжилж байгаа. Энэ долоо хоногийг дуустал явагдана. “Төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй” гэсэн оюутан нэлээд гарсан. Бид үүнд арга хэмжээ авлаа. Амьдралын түвшин доогуур, төлбөрийн чадвар муутай оюутанд төлбөрөө сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж авдаг л даа. Тэр боломжийг нь олгоод төлбөрөө өгөөгүй ч гэсэн бүртгэж байна.
 
Ер нь сургалтын төлбөрийн төлөлтөд уян хатан хандаж байгаа. Мөн оюутны дотуур байрны төлбөрийг нэмээгүй. Дотуур байрны төлбөр сарын 40-45 мянга байдаг. Оюутнууд бүтэн хичээлийн жилд 10 сар дотуур байранд суудагг юм. Ингээд бодохоор 400-450 мянга болно. Манай сургууль долоон оюутны дотуур байртай. Манай сургуулийн засварын ажил дууссан. Одоогийн байдлаар цэвэрлэгээ, үйлчилгээний ажил хийгдэж байгаа.
 
Оюутны байранд нэлээд их засвар хийгдсэн. Тухайлбал, хүчин чадлыг нь нэмэгдүүлж 50-60 оюутан шинээр нэмж авах боломжтой болсон. Манай сургууль оюутнуудаа хүлээж авахад бэлэн. Ер нь манай сургууль төрийн өмчийн сургуулиуд дундаа хамгийн бага төлбөртэй нь байх. МУИС, Анагаах, боловсролын их сургуулиас бага төлбөртэй. Олон оюутантай учраас төлбөрийг нэмэх шаардлагагүй.

Т.Хэрүүга: Сайдын “Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүй” гэсэн чиглэлийг барьж байна

/Хөдөө аж, ахуйн их сургуулийн захирал/
 
-Манай сургуулийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдээгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд “Их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмж болохгүй” гэсэн чиглэл өгсөн.
 
Тийм учраас манай сургууль төлбөрөө нэмээгүй. Өнгөрсөн хичээлийн жил нэг 500 мянгаас хоёр сая төгрөгийн үнэтэй байсан. Сургалтын төлбөр курс, судлах кредит цагаасаа хамааран өөр өөр байдаг л даа. Тэгэхээр энэ жил өнгөрсөн жилийн сургалтын төлбөрөө авч байна. Манай сургуулийн хичээлийн бэлтгэл дууссан. Бүх засвар, үйлчилгээний ажил хийгдлээ. Одоо бүртгэл бас дуусч байна. Оюутны бүртгэлийн ажил 80 хувьтай явж байгаа.
 
Мөн салбар яамнаас төлбөрийн уян хатан нөхцөлөөр ажиллах чиглэл өгсөн. Тиймээс  төлбөрийн чадваргүй, үнэхээр төлбөрөө төлөх боломжгүй оюутнуудад зохих журмын дагуу арга хэмжээ авч байна. Аль болох тухайн хүүхдийг сургах чиглэлийг барьж байгаа.  

Я.Чойжамц: Сургалтын төлбөрөө нэмээгүй

/Батлан хамгаалахын их сургуулийн захирал/
 
-Манай сургуулийн сургалтын төлбөр курсээсээ хамаараад янз бүр. Энэ жил салбар яамнаас нэмэхгүй байх чиглэл өгсөн учраас нэмээгүй. Гэхдээ сургалтын төлбөрөө нэммээр байна. Нэмэхгүй болохоор сургалтын чанар муу л байна. Ганц ном худалдаж авч чадахаа болж байна. Автоматаар шууд нэмэх нь буруу.
 
Ингэж механикаар шууд зохицуулдаггүй юм. хэрэгцээнээсээ хамаарах ёстой шүү дээ. Салбар яамнаас бичиг исэн болохоор нэмж чадахгүй л байна. Төр үүнд хутгалдахаар яаж их, дээд сургуулиуд хөгжих вэ дээ. Чанартай боловсон хүчин бэлтгэе гэвэл төлбөрөө нэмэх хэрэгтэй. Шинэ ном хэвлэл хүртэл худалдаж авах, интернэтийн төлбөрөө хүртэл төлмөөр байна. Тэгээд хуучин мэдээллээрээ л байдаг. Шинэ мэдээлэл ч авч чадахгүй.
 
Тэгсэн хэрнээ дээд боловсрол эзэмшиж байна гэдэг. Манайд үндэсний дээд сургуулиудын төлбөр үнэн инээдэмтэй байна. хувийн дунд сургуулийг хар л даа. Жилийн төлбөр нь 40-60 мянган ам.доллар. Хобби сургууль 8-10 сая төгрөг гэж байхад мэргэжил олгож байгаа их, дээд сургуулийн төлбөр 2-3 сая төгрөг л байна шүү дээ. Манай сургуулийн төлбөр нэг сая 200 мянгаас нэг сая 800 мянга байдаг. 

Г.Ганбаяр: Нэг кредитийн төлбөр 65.500 төгрөгийн үнэтэй

/Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эдийн засагч/
 
-Манай сургуулийн 2016-2017 оны сургалтын төлбөр нэмэгдээгүй. Өнгөрсөн хичээлийн жилд авсан төлбөрөө авч байгаа. Хичээлийн нэг кредит нь 65.500 төгрөгийн үнэтэй. Бусад сургууль курсээсээ хамаараад өөр өөр төлбөртэй байдаг. Манай сургуулийн хувьд курс харгалзахгүйгээр кредит цагийн үнэ ижил байдаг.
 
Өөрөөр хэлбэл, бүх курсийн оюутны судлах хичээлийн кредит цагийн үнэ ижил гэсэн үг. Манай сургууль дотуур байртай. Дотуур байрны төлбөр 500 мянган төгрөг байгаа. Засварын ажил хийгдэж байна. хараахан дуусаагүй. Гэхдээ хичээл эхлэхээс өмнө амжиж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Төлбөрийн хувьд хувааж төлнө гэсэн зүйл байхгүй.  
 

Л.Ганцэцэг: Төлбөрийн нөхцөлийг уян хатан байлгах чиглэлийг барьж байна

/МУБИС-ийн Эдийн засаг хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал/
 
-Манай сургууль бакалвр, магистр, докторт суралцаж буй гадаад болон дотоодын 16 мянган оюутантай. Энэ жил сургалтын төлбөр нэмэгдээгүй. Нэгдүгээр курсийн сургалтын төлбөр дунджаар нэг сая 950 мянган төгрөг. Курс ахих тусам нэг сая 750 мянган төгрөгийн төлбөртэй болдог. Харин оюутны байр 384 мянган төгрөгийн үнэтэй.
 
Манай сургууль нийт 3500 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Суралцахыг хүссэн бүх хүүхдийг бүрэн хамруулахгүй боломжтой. Энэ жил салбарын сайд “төлбөр битгий нэм” гэсэн чиглэл өгсөн учраас удирдах зөвлөлөөрөө төлбөрөөгүй нэмэхгүй байхаар шийдсэн. Манай сургуулийн ихэнх хүүхдүүд буцалтгүй тусламж, онооны хөнгөлөлтөөр суралцдаг. 650-аас дээш оноотой хүүхдүүд 30-100 хувийн төлбөрийн хөнгөлөлт эзэлдэг. Захирлын нэрэмжит тэтгэлэг гэж бий.
 
Мөн сургалтын төрийн сангийн тэтгэлэгт хамрагддаг. Төлбөрийг семистерээр нь ав гэсэн чиглэл салбар яамнаас өгсөн. Төлбөрөө түрүүлж төлсөн оюутнууд “тал хувиа төлбөрөө авъя” гэж бидэнд хандаж байгаа. Төлбөр төлөлт 30 хувьтай байна. Энэ жил 3700 хүүхэд элсүүлж авах төлөвлөгөө бий. Манай сургууль жил бүр жижиг засварууд хийдэг. Засварын ажил дууссан. Энэ сарын 20-нд оюутнуудаа эмчийн үзлэгт оруулсан юм. наймдугаар сарын 22-ноос оюутнуудаа авч эхэлсэн.

О.Янжмаа: Сургалтын төлбөр нэг сая 800 мянга хэвээрээ байгаа

/Дорнод их сургуулийн захирал/
 
-Манай сургуулийн төлбөр энэ жил нэмэгдээгүй. Сүүлийн хоёр жил огт нэмээгүй. Нэг сая 400 мянга байсан. Энэ жил нэг сая 850 мянга болсон. Гэхдээ энэ нь тодорхой учир шалтгаантай. Өнгөрсөн жилийн тавдугаар сард нэг сая 850 мянга болж нэмэгдсэн юм. 2015 онд манай сургууль зэрэглэлээ ахиулж, их сургууль болсон.
 
Судалгааны ажилтантай болох, оюутнуудаа судалгааны ажилд хамруулах, лабораторитой болохын тулд оюутнуудтай хурал хийгээд ингэж шийдсэн. Тэгэхээр өнгөрсөн жилийн тавдугаар сард нэг сая 850 мянга болсон. Энэ жил ч гэсэн мөн адил байна. Сургалтын төлбөрийг огт нэмээгүй. Мөн дотуур байрны мөнгө ч нэмэгдээгүй.
 
400 мянга хэвээрээ байгаа. Энэ жил элсэлтийн шалгалтын оноогоороо тэнцэн, албан ёсоор орсон элсэгч 80 бүртгүүлсэн. Үүнээс гадна манай сургуульд гадаадын 44 хүүхэд нэмж суралцахаар болоод байна. Дотуур байр, сургуулийн засвар ерөнхийдөө хийгдэж дууслаа. Одоо бид хашаагаа будаж байна. Оюутнуудаа бүртгэж авахад бэлэн болсон.
 
Н.Батзаяа
Эх сурвалж: www.mminfo.mn
 
 
 
Shuud.mn
Сонин хачин