Б.Чойжилсүрэн: Нөхцөл байдал хэт хүнд байна

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганаар 2016 оны улсын төсөвт тодотгол хийх юм. Төсвийн тодотгол тойрсон асуудлаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
-Төсвийн тодотголд алдагдлыг хэдээр тооцсон вэ?
Би Сангийн сайдын ажлыг аваад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Нөхцөл байдал хэт хүнд байна. Улсын төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн алдагдлыг 18.2 хувьтай оруулж ирж байна. Ер нь эдийн засгийн бүтцийг эргэж харахаас өөр аргагүй болжээ. Нийгмийн хэрэглээ өндөр, олж байгаа орлого нь хүрэхгүй байгаа учраас эдийн засгийн бүтцийг цогцоор нь эргэж харах шаардлага тулгарч байна. Хэд хэдэн үе шаттай арга хэмжээг авна. Тэрний эхнийх нь төсвийн бодлого.
-Татвар нэмэх чиглэлүүдэд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна?
МАН-ын мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй, шинээр бий болгохгүй гэж тусгасан. Бид татварыг нэг их нэмээгүй. Цөөн хэдэн татвар нэмсэнийг та бүхэн мэдэж байгаа. Хувь хүний орлогын албан татвар бол 2.5 саяас дээш төгрөгийн цалин авдаг хүний 2.5 саяас дээш оногдох хэсэгт нь 25 хувь, 2.5 сая хүртэлх хугацаанд хуучнаараа 10 хувийн татвар авна. 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүн нийт ажиллагсадын 0.1 хувьд хүрэхгүй байгаа.
-36 сарын тэтгэмж олгохгүй гэсэн шийдвэрт хүмүүс их бухимдаж байна?
Ийм бухимдал байгаа. 2016, 2017 онд түр зуурын ийм арга хэмжээ авахаас өөр арга байхгүй. Өгөх мөнгө алга.
-Төсвийн тодотголд хэдэн чиглэлийн зардал бууруулахаар тусгасан вэ?
-Төсвийн тодотгол дээр 2016 оны тухайд зардлыг сүртэй бууруулж чадаагүй. Ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөгийн зардал бууж байгаа.
-Ипотекийн зээлтэй холбоотой таны байр суурийг сонирхож байна?
-Ипотекийн зээлийг зогсоохгүй байх бүх талын арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, Засгийн газар хамтран судалж байна.
-Төсвийн зардлаас танагдсан мөнгийг бондын төлөлтөд өгнө гэсэн мэдээлэл байна?
-Төлбөр тулчихаад байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хамгийн эхний том төлбөр нь 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх шаардлагатай. Харамсалтай нь Монгол Улсын Засгийн газарт үүнийг төлөх мөнгө байхгүй. Тэгэхээр шинээр зээл авч, өмнөх зээлээ хаах зарчмаар явах болов уу.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ