Төсвийн тодотголын талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын байр суурийг сонирхлоо.
-Төсвийн зардал хэмнэх тооцоонуудтай танилцав уу? Хэр бодитой саналууд орж ирсэн бол?
Төсвийн тодотголтой холбоотой өөрчлөлтүүдийг би дөнгөж өчигдөр авсан. Нөхцөл байдал эвгүй тавигджээ гэж харсан. Төсөв алдагдалтай байгаа нь ойлгомжтой. Уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн уналт дөрвөн жил үргэлжилсэн нь үнэн. Эдийн засгийн хүндрэл бол АН-ын, МАН-ын гэж байхгүй, ард түмний эрх ашигтай холбоотой зүйл. Тиймээс үүнд улстөржиж, намынхаа явцуу эрх ашгийг бодооч гэдгийг би байнга хэлж байгаа. Өнөөдрийн орж ирж байгаа төсөв бол дэндүү хариуцлагагүй байна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төсвийн алдагдлыг ард түмний халааснаас нөхнө гэдэг бол дэндүү хариуцлагагүй үйлдэл. Та бүхэн хараарай. Орж ирсэн төсөв зөвхөн иргэдийн цалин, тэтгэмж, шимтгэл, эзэмшиж байгаа хөрөнгөтэй холбоотой бүх зүйлээс татвар авна гэж байгаа. Энэ бол туйлын хариуцлагагүй бөгөөд харгис үйлдэл болж байна. Ард түмнийг ингэж хуурч болохгүй.
-Татварын нэмэгдэл зөвхөн дундажаас дээш давхаргынханд хамаатай. Дундаж, бага орлоготой иргэдэд хамаарахгүй гэсэн тайлбарыг өгч байгаа?
-1000 ам.долларын цалин өнөөдөр амжиргааны л түвшин шүү дээ. 1000 ам.долларын цалинг Монгол тун цөхөн хүн авч байгаа. Гэхдээ хүнд, оюуны хөдөлмөр хийж байгаа хүмүүс авч байгаа. Зарим төрийн өндөр албан тушаалтай хүмүүс авч байгаа байх. Өөр хэн авч байгаа юм. Өнөөдөр 1000 ам.доллар бол амьдралын дундаж хэрэглээ. Үүнийг их мөнгө гэж үзэж байвал дэндүү хариуцлага үйлдэл. 1000 ам.долларыг өндөр цалин гэж үзээд 25 хувийн босготой татвар авна гэдэг бол ямар ч тооцоогүй үйлдэл байхгүй юу. Над руу маш олон иргэд хандаж байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар гэдэг аймшигтай юм тавьж байна. 500 мкв байртай хүн жилд 18 сая төгрөг төлнө гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Би шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаа юм биш. Бид асуудалд нухацтай хандах ёстой. АН байр сууриа илэрхийлэх ёстой.
-Танай намыг эрх барьж байх үед санаачилсан, баталсан хуулиудыг хойшлуулах төслүүд орж ирсэн байна?
-Хоёр хуулинд хамгийн их эмзэглэж байна. Нэг нь Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль. Есдүгээр сарын нэгнээс үйлчлэх ёстой байсан. Хөнгөхөн, жижигхэн шалтгаанаар энэ хуулийг хойшлуулж байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Хуулийн хугацааг хойшлуулах ноцтой шалтгаан угаасаа байхгүй. Олон олон гэр бүл хуулийн үйлчлэх хугацааг хүлээж байгаа. Төрийн шийдвэр уламжлагдаад явах ёстой. Хоёр дахь нь Хамтын тэтгэврийн тухай хууль. Энэ хуулийг хүчингүй болгож оруулж ирж байгаа нь бас хариуцлагагүй үйлдэл. Хамтын тэтгэврийн хуулийн гарах зардал нь тун бага.
-Сангийн сайд нөхцөл байдал хэт хүнд байна гэсэн тайлбарыг өгч байна?
Сангийн сайд улстөржих хэрэггүй, Сангийн сайдын ажлаа хийх ёстой. Ардын намын Сангийн сайдын ажил нэг өөр. Ардчилсан намын Сангийн сайдын ажил нэг өөр байгаагүй. Бид нэг л ижил зовлон туулж байгаа, гоншигнолгүй ажлаа хий. Тэгж ярих юм бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН ч бидэнтэй хамтарч, Засгийн газар барьсан. Өнөөдрийн Ерөнхий сайд Сангийн сайд байсан. Гэнэт ийм зүйл руу орсон гэж уулга алдах хэрэггүй. Нөхцөл байдал ийм байсныг бүгдээрээ сайн мэдэж байгаа.
В.Бат