Туркийн цэргийн ажиллагаа курдуудыг чиглэв
2016-08-29

Туркийн цэргийн ажиллагааны үеэр 25 хүн амиа алджээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Турк улс өнгөрөгч долоо хоногоос эхлэн Сири дэх цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн билээ. Сири улсад иргэний дайн дэгдсэний дараа тус улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй исламын дайчдад Турк улс зөвхөн агаараас цохилт өгч тэмцэж байсан юм. Өнгөрөгч долоо хоногоос туркууд танк, хүнд зэвсгээ Сирийн газар нутагт байршуулж эхэлсэн нь олон улсын анхаарлыг татлаа.

 

Туркийн өчигдрийн тусгай ажиллагааны үеэр 25 хүн амиа алдсан гэнэ. Туркийн сөнөөгчид өчигдөр 17.00 цагийн орчимд хил залгаа Сирийн Жараблус хотноо агаараас цохилт өгөх үеэр дээрх иргэд амиа алджээ. Амиа алдагсад бүгд курдууд гэнэ. Туркууд исламын улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулах нэрээр курдуудын эсрэг тэмцэж буйг Курдын ажилчны намаас мэдэгдэж, нэн даруй хүчирхийллээ зогсоохыг шаардсан аж.

 

Курдууд өчигдрийн ажиллагааны үеэр “25 бус түүнээс олон хүн амиа алдсан” хэмээн мэдээлжээ. Гэхдээ уг мэдээллийг Туркийн Засгийн газраас батлаагүй байна. Мөн өчигдрийн цэргийн ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй аж.

 

Анкарагийн удирдлагууд курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон нь сүүлийн үед гарч буй террорист халдлагуудтай холбоотой билээ. Энэ он гараад Туркийн томоохон хот, мужид цуврал халдлага гарч, олон хүн амиа алджээ. Эдгээр халдлагын заримыг нь курдууд захиалсан болохыг нь тогтоосон юм.

 

Туркууд ийнхүү цэргийн ажиллагаагаа эрчимжүүлсэн нь өнгөрөгч долоо хоногт гарсан халдлагатай холбоотой. Туркийн Газиантеп хотноо болж байсан хуримын үеэр террористууд халдлага үйлдэж, 54 хүн амиа алдсан билээ. Уг халдлагын дараа Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Террористуудын үйл ажиллагаа зогсох хүртэл бидний хийх тэмцэл үргэлжлэх болно” гэж мэдээлжээ. Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан билээ. Халдлагыг исламын улсын 12 настай хүү үйлдэж, хурим болж байсан танхимд амиа егүүтгэсэн болохыг тагнуулынхан тогтоосон юм. “Эрдоган хэт даврагчдыг устгахаар тэмцэж байгаа ч гол дайсан болох курдуудын эсрэг тусгай ажиллагаа явуулж байна” хэмээн томоохон хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

 

Таван өдрийн өмнөөс туркууд Сирид тусгай ажиллагаа явуулах болсон. Цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө Ерөнхийлөгч Эрдоган “Бид 14 хоногийн дотор Жараблус хотыг бүрэн чөлөөлөх болно” гэж мэдээлжээ. Тус хотноо хэт даврагчид хяналтаа тогтоохыг санаархдаг ч оршин суугчдын ихэнх нь курдууд билээ. Энэ хотоор дамжин хэт даврагчид болон курд босогчид Туркт нэвтэрч террорист халдлага үйлддэг хэмээн эрх баригчид үздэг юм. Туркууд АНУ-ын агаарын дэмжлэгтэйгээр өнгөрсөн баасан гаригт Жараблус хот руу байлдааны танкуудаа илгээжээ.

 

Цэргийн ажиллагаа эхлэхээс нэг өдрийн өмнө АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байдан Анкара хотноо ажлын айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд Банила Йылдырымтэй уулзаж, сүүлийн үеийн асуудлаар ярилцжээ. Байден туркуудад бүх талаараа дэмжлэг үзүүлж, “исламын улсыг газрын хөрснөөс арчих болно” хэмээн мэдэгдэв.

 

Сири улсад олон улсын цэргийн эвслээс гадна ОХУ бие даан цохилт өгч байна. Мөн Турк бие даан агаараас цохилт өгч эхэллээ. Хэт даврагчдаас болж Сирийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Тус улсад ажилгүйдэл, өлсгөлөн газар авчээ. Хэт даврагчид хил орчимд хяналтаа тогтоосон учир олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд арга мухарджээ.

 

Оросууд шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг сиричүүдэд хуваан олгож байгаа ч тэдний ганц, хоёр өдрийн хэрэгцээг хангаж буйг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Тэрбээр Сирийн асуудлаар өнгөрөгч долоо хоног Женев хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзсан юм. Тэд ярилцсаны эцэст Сирид гал зогсоох хэлэлцээрийг нэн даруй байгуулж, олон улсын тусламжийг нэвтрүүлэх нь хамгийн зөв хэмээн шийдвэрлэсэн байна.

 

АНУ болон ОХУ-ын удирдагчид энэ долоо хоногтоо багтаан биечлэн эсвэл утсаар холбогдож гал зогсоох асуудлаар хэлэлцэхээр тохиролцжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Сирид гал зогсох шаардлагатай. Харин тус улсад цохилт өгч буй орнуудад НҮБ хяналт тавих шаардлагатай байна. Тэд хүссэнээрээ авирлаж, гэмгүй иргэдийг хохироож, алж байна” гэж мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин