Монголын бүх тамирчныг тэмцээнд оролцуулахгүй гэжээ

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж болон тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ. Тэд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай улсын баг тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдэл бүхий албан бичиг ирсэн талаар мэдээллээ.
"Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран зодоглосон.Тэрбээр дагах барилдаан хийж, хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовтай барилдсан. Шүүгчид Узбекстаны бөхөд ялалтыг өгсөн билээ. Шүүгчдийн энэхүү шийдвэрийг Г.Мандахнарангийн хоёр дасгалжуулагч эсэргүүцэн, чөлөөт бөхийн дэвжээнээ хувцсаа тайлж, дургүйцлээ илэрхийлсэн. Тэдний эл үйлдлийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сахилга бат зөрчиж, спортын нэр хүндийг гутаасан гэдэг үндэслэлээр манай улсын бүх насны тамирчдыг олон улсын аль ч тэмцээнд оролцуулахгүй байх тухай мэдэгдэл ирүүлжээ.
Энэ талаар МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Сумъяабазар “Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос нууцлалын зэрэгтэй бичиг ирүүлсэн. Тус албан тоотод монгол улсын хоёр дасгалжуулагчийн зохисгүй зан үйлдэл нь дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр хүндэд халдсан тухай тодотгожээ. Улмаар МЧБХ-нд хариуцлага тооцож, албан ёсны хувиарт багтсан олон улсын аль ч тэмцээнд Монгол улсын тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэр гаргах тухай мэдэгдсэн байна” хэмээв.
Тус албан бичигт ирэх сарын 1-ний дотор өөрийн байр сууриа илэрхийлэн хариу мэдэгдэхийг МЧБХ-ноос шаарджээ.
Үүнтэй холбогдуулан МЧБХ-ны хурлаар чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарыг олон улс болон дотоодын бүх тэмцээн, чөлөөт бөхийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хассан байна. Харин МУГТ Г.Мандахнаранд тусад нь шийдвэр гаргасан. Түүний хүрэл медалийн төлөөх барилдааны талаар арбитрын шүүхэд хандах ажлыг холбогдох албан тушаалд даалгасан гэв.
Хэвлэлийн хурлын төгсгөлд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж “Чөлөөт бөхийн холбоо Риогийн олимпод оролцсон тамирчдаасаа том амжилт хүлээж байсан. Гэвч амлалтандаа хүрч чадсангүй. Тиймээс ард түмнээсээ уучлалт хүсэж байна” хэмээв.
Энэ удаагийн олимпод Монгол Улсын Засгийн газраас баг тамирчдын бэлтгэл, сургуулилтад нийтдээ 8 тэрбум гаруй төгрөг зарцуулсан аж. Ийнхүү өмнөх жилүүдийнхээс илүү ач холбогдол өгсөн учраас тамирчдын бэлтгэл 100 хувь хангагдах боломжийг төр засгаас олгосон гэдгийг тэд онцоллоо.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ