Аялал жуулчлалын орлого өсчээ, харин үйлчилгээ...
2016-08-31

 

Аливаа улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч нь аялал жуулчлалын салбар байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ манай орны хувьд уул уурхайн салбартаа хэт түшиглэж, аялал жуулчлалын салбарыг орхигдуулсаар өнөөдрийг хүрсэн. Нэг үеэ бодвол манай улс энэ салбарт анхаарлаа хандуулах болжээ. Бид  өөрсдөө ч дотоодын аялал жуулчлалаа илүүтэй сонирхдог болсон байна. Энэ утгаараа аялал жуулчлалаас олох орлого өссөн гэсэн сайхан мэдээ дуулдана билээ. Гэхдээ  үйлчилгээ “тэг” төвшнийг заасан хэвээр. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаа аялал жуулчлалын хөгжил, түүнд тулгамдаж буй асуудлыг хөндөхийг зорьсон юм.

 Салбарын орлого өсчээ

Монголын аялал жуулчлалын салбар ямар төвшинд байгааг зорин ирсэн жуулчны тооноос харж болох байх. Харин үнэн зөв статистик мэдээллийг салбар яам өгөх болов уу гэж тооцсон манай сурвалжлах баг юун түрүүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг зорьж, хэвлэлийн төлөөлөгчтэй нь уулзан статистик тоон мэдээллийг авсан юм. Үндэсний Статистикийн хорооноос гаргасан тус мэдээлэлд  дурьдсанаар, энэ салбарын орлого өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. 

Тодруулбал, зочид буудлын орлого 2016 оны эхний хагас жилд 58.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 8.7 тэрбумаар буюу 17.6 хувиар өсчээ. Зочид буудлын салбарын нэг өрөөнд ногдох дундаж орлого 2016 оны эхний хагас жилд 8.4 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 699.0 мян.төг буюу 9.0 хувиар өссөн байна. Харин нийтийн хоолны салбарын мэдээнд 2016 оны эхний хагас жилд үйл ажиллагаа явуулсан 794 аж ахуйн нэгж хамрагдсанаас нийт орлого  нь 108.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 8.2 тэрбум төгрөг буюу 8.2 хувиар өсчээ.  Жуулчдын тооны тухайд зөвхөн зургадугаар сарын байдлаар гэхэд 42823 жуулчин манай улсыг зорин ирсэн байх бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 9.6 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Харин аялал жуулчлалын хамгийн оргил үе гэгддэг долдугаар сард 61970 жуулчин ирсэн нь өмнөхөөсөө нэг хувиар өссөн үзүүлэлт гэнэ.  Гадны жуулчдын ихэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байгаа бол үлдсэн нь ОХУ, БНСУ, Япон, АНУ, БНКУ зэрэг улсын иргэд байгаа юм.

Жуулчид ихэнхдээ үзэсгэлэнт байгалийг харах гэж ирдэг

Тоон мэдээллийг харахад ийм байна. Харин Монголын үзэсгэлэнт байгалиар аялсан гадны болоод дотоодын жуулчид ямар сэтгэгдэлтэй үлдэж байгаа нь энэ салбарын хөгжлийг тодорхойлох гол үзүүлэлт болох учиртай. Тиймээс бид тэндээс гарч,  нийслэл хот дахь соёл, урлагийн байгууламжыг сонирхож яваа гадны жуулчид болон зуны амралтаа аялж өнгөрүүлсэн дотоодын жуулчдын санал сэтгэгдлийг сонирхсон юм. 

Ерөнхийдөө уулзсан бүхий л хүн хөдөөгийн онгон зэлүүд байгалийг үзэж сонирхож, басхүү алжаал ядаргаагаа тайлах зорилгоор аялсан гэдгээ өгүүлж байлаа. Гадны жуулчид ч гэсэн монгол ахуй, байгалийн үзэсгэлэнг үзэхээр хүрэлцэн ирсэн гэдгээ бидэнд хуучилж байсан юм. Тэдний төлөөлөл болгож, Үндэсний түүхий музейн хүлээлгийн танхимд суух Японы хоёр жуулчинтай уулзлаа. Гаднаас нь харахад 50 гарчихсан болов уу гэмээр тэднийг Сүмияа, Окияа гэдэг.  Аялал жуулчлал өндөр хөгжсөн Азийн орнуудаас чухам яагаад Монголыг зорьж ирсэн бэ гэсэн асуултад тэд үзэсгэлэнт байгаль, хөх тэнгэрийг үзэх гэж ирсэн гэдгээ хэлж байв.

Тэд “Цаг агаар нь их сайхан. Бас тэнгэр нь. Яах вэ Японыг бодвол жаахан сэрүүхэн байх. Монгол Улс өргөн уудам нутагтай ч гэсэн, нийслэлдээ хүн амын нягтрал маш их юм. Үүнээс болоод замын түгжрэл жаахан асуудалтай санагдсан. Замын түгжрэлд хэдэн цаг зарцуулахаа ч тооцоолох боломжгүй юм. Оройн 18.00-20.00 цаг хүртэл битүү түгжрээ. Ингэхээр төлөвлөсөн ажлаа амжуулж чадахгүйд хүрч байна. Энэ жаахан хүндрэлтэй. Мөн зочид буудлын үйлчилгээ их муу  байна. Зочид буудалдаа очоод унтах гэхээр кароакены дуу хадаад унтуулахгүй. Бүр шөнийн хоёр цаг хүртэл үргэлжилнэ. Чимээ шуугиан ихтэй, өрөөний дуу тусгаарлалт их муу санагдсан” гэж ярилаа.

Зочид буудлын үйлчилгээ, жорлонгийн асуудлыг тэд нэн тэргүүнд нэрлэв

Их сургуулийн коридорт анх танилцаж, түүнээс хойш тасралтгүй зургаан жил найзалсан нэг япон найзаасаа ингэж асуулаа. Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бид юу хийх ёстой юм бэ гэж.  Монголын түүх, соёл заншлыг зургаан жил судалж, эдүгээ Япондоо докторт сурах гэж буй найз минь харин өнөөх модон жорлонгийн асуудлыг нэрлэдэг байгаа. Түүнийг Чиэко Хирота гэдэг юм.  Тэрбээр “Үйлчилгээ талаас нь харвал асуудал их байгаа гэж бодож байна. Нэг үеэ бодвол харьцангуй сайжирч байгаа. Гэхдээ зочид буудлын үйлчилгээ, эрүүл ахуйн талаас хүндрэлтэй асуудлууд маш олон байна. 

Ялангуяа хөдөө орон нутгийн зочид буудлуудын үйлчилгээг нэн тэргүүнд засч сайжруулах хэрэгтэй байх” гэсэн юм.  Харин найзын маань хэлсэнийг  уулзсан гадна, дотны бүхий л жуулчид дуу нэгтэйгээр дэмжиж байсан юм. Энэ асуудлаас гадна зарим аялагчид хөтөч орчуулагчдын мэдлэг нимгэн байгааг хатуухан хэлж байсныг нуугаад яах вэ. Ингээд Монголын аялал жуулчлалын салбарт дүн тавих жуулчдын сэтгэгдлийг сонссоноо хүргэе.  Бид тэднээс “Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн төвшин хийгээд цаашид хөгжүүлэх арга зам”-ын талаар асууж явлаа. Гэхдээ дэлхийд Чингис хааны төрсөн нутаг хэмээн нэрээ тамгалсан Монголын аялал жуулчлалыг тийм ч өндрөөр үнэлсэнгүй.

Микияа Нишимура: Монголчууд мөнгө салгах аргыг л нарийн хөгжүүлсэн

-Монголын аялал жуулчлалын хөгжлийн талаар яривал эхлээд үйлчилгээг ярих хэрэгтэй байх. Миний бодлоор монголчууд мөнгө салгах аргыг л нарийн хөгжүүлснээс бус жуулчдад чиглэсэн үйлчилгээ нь хөгжиж чадаагүй л байна.  Хөтөч орчуулагч гэхэд гадаад хэлээр чөлөөтэй ярьж чадаж байгаа атлаа Монголынхоо түүх, соёл, зан заншлын тухай сайн мэддэггүй. Тэр бүү хэл хотод төрж өссөн хүмүүс  хөдөөгийн тухай зөв ч ярьж чаддаггүй. Монголоороо ч зөв ярьж чадахгүй хөтөч орчуулагч нар байдаг. Ичдэггүй юм болов уу. Хэлмэрчийн ажлын талаар ямар ч ойлголтгүй ч хүн таарч байсан. Өмнөөс нь санаа зовмоор.

Нисэх онгоцны төлөвлөгөө нь бас амархан өөрчлөгддөг.  Бас нисэх онгоцны ачааны хязгаар нь жуулчны хувьд маш хэцүү. 10 кг-ын ачаа авч явах ёстой. Гэтэл түүнд нь Камер, видео, компьютер гэх мэтийн нэн шаардлагатай ачаа багтдаггүй. Жуулчид ачаа ихтэй шүү дээ. Үнэхээр аялал жуулчлалын орон болгохыг хүсч байгаа л бол ирж байгаа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг ч гэсэн бодолцож үзэх хэрэгтэй байх. Ер нь жуулчдын аюулгүй байдлаар сайтар хангах хэрэгтэй. Оройн цагаар гадуур гарч ч болохгүй ийм нийгэмтэй оронд яах гэж жуулчид ирэх юм. Зочид буудлын өрөөнөөсөө хүртэл юмаа хулгайд алдчихаж байна. Зах, худалдааны төвөөр ч тайван худалдаа хийж ч болохгүй. Зарим газарт очиход зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Мэдээж ингэж болно. Гэхдээ хугацаа алдмааргүй байна.

Чиэко Хирота: Хөдөө орон нутгийн зочид буудлуудын үйлчилгээг нэн тэргүүнд засч сайжруулах хэрэгтэй

-Хөвсгөл, Өмнөговь, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Ховд аймгийн нутгаар аялж байсан. Миний бодлоор Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд байгаль ертөнц, хөдөө нутгийн соёл, ёс заншлаа тэр хэвээр нь хадгалан хөгжүүлэх ёстой юм болов уу. Япон болон Азийн бусад оронд очоод л харчих юм биш, зөвхөн Монголд л харж болох тийм зүйлээ хөгжүүлэх хэрэгтэй. Үйлчилгээ талаас нь харвал асуудал их байгаа гэж бодож байна.

Нэг үеэ бодвол харьцангуй сайжирч байгаа л зочид буудлын үйлчилгээ, эрүүл ахуйн талаас хүндрэлтэй асуудлууд маш олон байна.  Ялангуяа хөдөө орон нутгийн зочид буудлуудын үйлчилгээг нэн тэргүүнд засч сайжруулах хэрэгтэй байх. Монголд аялахдаа хөдөөгийн хүмүүсийн аж амьдралаас маш олон зүйлийг сурч авсан. Тэдний аж амьдрал  Японд байхдаа аль хэдийнэ мартсан байгаль, хүн хоёр хамт оршин тогтнодог гэдгийг надад дахин ухааруулсан.  Үүнээс гадна Монгол  байгалийн үзэсгэлэнгээ унаган төрхөөр нь  авч үлдэж чадсан юм шиг санагддаг.

Хөдөө нутгийн тэр үзэсгэлэнт байгалийг би өмнө нь хаана ч харж байгаагүй. Тиймээс монголчуудыг үзэсгэлэнт байгалиа унаган төрхөөр нь цаашдаа ч хадгалан үлдээсэй гэж хүсч байна.

Сан Хэ Ли: Жорлонгийн асуудал маш хүнд байна

-Би Монголд анх удаагаа ирж байна. Сэтгэгдэл үнэхээр өндөр байгаа шүү. Өмнө нь найз нөхөд танилын хүрээнийхнээс Монголын аялал жуулчлалын талаар нэлээд сонсч байсан. Тухайн үед энэ салбарын хөгжлийн талаар доогуур төсөөлөлтэй байснаа нуугаад яах вэ. Харин өөрийн биеэр ирсний дараа миний төсөөлж байснаас ч илүү гайгүй төвшинд хөгжиж буйг нь харлаа. Аялал жуулчлалын байгууллагууд, хөтөч орчуулагчид өндөр төвшинд бэлтгэгдсэн байдаг юм байна.

Энэ удаа ажлын хамт олонтойгоо дөрвөн шөнө таван хоногийн аялалаар ирсэн. Дараагийн удаа гэр бүлтэйгээ хамт ирнэ гэж бодож байна.  Бид элсэн тасархай, Тэрэлж рүү явсан. Мөн хотын аялалаар соёл, дурсгалын газруудаар явж, Зайсан толгойд гарсан. Тэнд И Тэ Жүн гэх дурсгалын цэцэрлэг байдаг. Тэр цэцэрлэгт очиход үнэхээр гүн гүнзгий сэтгэгдэл төрсөн.

Солонгост очоод олон хүнд Монголын аялал жуулчлалын талаар сайн сайхнаар дурсах болно. Хүндрэл бэрхшээлийн тухайд хөдөө орон нутаг руу явах хол замд шатахуун түгээх станцууд маш ховор байдаг юм билээ. Ялангуяа жорлонгийн асуудал маш хүнд байгаа нь анзаарагдлаа. Нэн тэргүүнд анхаармаар санагдсан. Миний бодлоор Монгол Монголоороо л байсан нь илүү үр дүнтэй байх болов уу.  Хэдийгээр өндөр хөгжилтэй орнуудын соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй ч гэсэн Монгол өөрийн гэсэн  онцлогийг шингээсэн байгаль, ахуйгаа яг тэр хэвээр нь хадгалан үлдээсэй гэж хүсч байна.

Кан Хён У: Зэрлэг тахийг олж харах хэцүү байлаа

-Хустайн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү зэрлэг тахь харахаар явсан юм.  Явж байх замдаа маш сайхан  байгаль, өргөн уудам тал нутагт хараа бэлчээж очих газраа хүрсэн. Гэвч тэр хол байгаа тахийг олж харна гэдэг үнэхээр хүнд байлаа. Хэр баргийн хүн олж харамгүй юм билээ. Мөн Тэрэлжид очиж, Чингис хаан гольфийн талбайд тоглож үзсэн. Дэлхийн олон оронд аялж, гольфийн талбайг харж байсан л даа. Хэдийгээр машингүй хол алхаж тоглох нь хүндрэлтэй байсан ч, байгаль нь үнэхээр сайхан байсан.  Анх Монголд ирэхдээ гэрт хоноглож үзэх сонирхолтой байсан юм. Гэвч тэнгэр бүрхэг байсан учир одтой тэнгэрийг харж чадаагүй.

Б.Жаргал: Соёлтой үйлчилгээ, соёлтой аялагчдыг төлөвшүүлж чадахгүй бол Монголын аялал жуулчлал хөгжих өдий байна

-Энэ зун Архангай аймаг, Цэцээ гүн рүү явган аялалд гарсан.  Аялал мэдээж сайхан. Гэвч сэтгэл гонсойлгосон зүйлс олон байлаа. Цэцээ гүний оргил руу алхаж байхад Манзуширийн хийдээр дайрсан юм. Оргил хүртлээ бараг хоёр цаг гаруй алхдаг юм билээ. Тэр үед Цэцээ гүний ойр орчимд майхантай хүмүүс мунаар хуш модыг цохиж, самрыг нь авч байхтай тааралдсан. Тэд түүсэн самар, жимсээ Цэцээ гүний оргилын доохон талд овоолж байсан. Тэгээд оргил дээр нь гарч ирэхэд овооных нь хажууд хур хогийн цэг үүссэн байлаа.  Уг нь өдөр ирэх тусам  хотын залуус соёлжиж байгаа гэж би боддог. Гэтэл тийм биш юм билээ.  Цэцээ гүн рүү зөвхөн Монголын гэлтгүй гадаадын жуулчид ч авирч байгаа шүү дээ. Ядаж иргэд ухамсраараа хогоо хаялгүй, цүнхэндээ хийгээд авч явж болно. Гэтэл иргэдэд тэр зэргийн ухамсар дутагдаж байна. Тэр чинь зүгээр нэг газар биш. Бүхэл бүтэн аялал жуулчлалын бүс, дархан цаазат газар гэдгийг санах хэрэгтэй. Хотоос хэдхэн километрийн зайд орших аялал жуулчлалын бүс нь ийм байгаа юм чинь хэдэн зуун километрийн цаадах нь ойлгомжтой биз дээ.  Соёлтой үйлчилгээ, соёлтой аялагчдыг төлөвшүүлж чадахгүй бол Монголд дотоодын  аялал жуулчлал  хөгжих өдий байна.

О.Дашням: Иргэд өмхий үнэр ханхлуулсан модонд мөргөх гэж холоос зорьж ирээгүй л байлтай

-Энэ жил гэр бүлээрээ Хэнтий аймгийн Батширээт сум, Сэлэнгэ аймгийн “Ээж мод” руу аяллаа. Хувиараа өөрсдөө явсан. Ямар нэгэн жуулчны компанид хандаагүй.  Ингэж явахдаа Хөх нуурт  голландын жуулчидтай таарсан юм.  Тэднээс сэтгэгдлийг нь асуухад “Амралтын газрын ойролцоо эмнэлэг, ямар нэгэн анхны тусламж авах газаргүй юм. Энэ нь их хэцүү санагдаж байна. Бид шумуул, сононд хазууллаа гэхэд анхны тусламж авах газар байхгүй байна” гэж ярьж байсан.  Учир нь гадаадын жуулчид шумууланд хазуулбал халдвар авах учраас эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэдэг юм билээ. Мөн олон хүн төөрч байсан шүү. “Ээж мод”-нд очиход нэг зүйл жаахан эвгүй санагдаж байсан. Хүмүүс очих бүртээ сүү өргөсөөр байгаад үнэндээ бидний сүсэглэн залбирч буй модноос их муухай үнэр үнэртэж байсан. Модонд уясан хадагнууд нь өгөрч, муудаад дүүрэн өт хорхойнд баригдчихсан байна билээ.  Юун ээж модонд мөргөж, хүслээ гуйх.   Шууд л буухын хүслэн болж байсан.  Миний бодлоор, иргэд аялж болно. Гэхдээ байгаль орчноо сүйтгэхгүй байх хэрэгтэй.  Тухайн орон нутгийн захиргаанаас ч гэсэн үүнд анхаарал тавих шаардлагатай байна.  Иргэд өмхий үнэр ханхлуулсан модонд мөргөх гэж холоос зорьж ирээгүй л байлтай. Хэдий хүний сүсэг бишрэлийн асуудал ч гэсэн энд анхаарал хандуулахгүй бол хэдэн жилийн дараа Ээж модгүй л болох юм шиг санагдсан шүү.

Т.Золбаяр: Манай улсын аялал жуулчлалын бүсүүдэд ямар ч хараа хяналт алга

-Би өнгөрсөн долдугаар сард гэр бүлээрээ Аржанчивланд хэд хоног амарсан. Амарч байхдаа эргэн тойрноо ажиглаж л явлаа. Амралтын газруудын орчны бохирдол маш их юм билээ. Энд тэнгүй хог хаячихсан. Хүмүүс ч гэсэн амарч байхдаа хогоо эмх замбараагүй хаяж байсан нь үнэхээр харамсалтай санагдсан. Мөн түүхийн дурсгалт газруудад хяналт тавьж байх хэрэгтэй юм билээ. Дурсгалт газруудыг харж байгаа хүн ч үгүй. Хүмүүс түүхийн чухал зүйлс дээр дуртай зүйлээ сараачиж, бичсэн байсан. Тэр чинь уг нь Монголын төдийгүй дэлхийн түүхийн гэрч юм шүү дээ. Товчхондоо гэвэл, манай улсын аялал жуулчлалын бүсүүдэд ямар ч хараа хяналт алга.

Г.Чаминцэцэг: Жуулчны баазууд л хөгжих хэрэгтэй

-Манай орон байгалийн үзэсгэлэнт газар олонтой. Тиймээс байгалийн нөөц баялагтаа тулгаарлан аялал, жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж хувьдаа боддог. Гэсэн хэдий ч анхаарах хэд хэдэн зүйл байгаа юм шиг.  Би энэ жил Хөвсгөл болон Архангай аймгийн Их тамир сумын нутгаар аялсан. Мэдээж байгалийн хувьд ярих зүйлгүй, үнэхээр сайхан. Бүтэн жилийнхээ ядаргааг тайлж, тайвширч чадсан.  Харин гадаадын болон дотоодын жуулчдад үйлчлэх жуулчны бааз хангалтгүй байлаа.  Байгаа нэг нь үйлчилгээтэйгээ нийцэхгүй хэт өндөр үнэтэй. Өөрөөр хэлбэл, өндөр үнэ үйлчилгээ хоёр нь зөрсөн гэсэн үг. Хоол нь ч гэсэн сонголт байхгүй. Амт муутай. Тайхар чулууны ойролцоо морь, сарлаг унуулдаг. Нэг удаа унахад 10-15 мянган төгрөг гэж байсан. Амралтын газруудыг нь тойроод л архи согтууруулах ундааны шил, лааз хөглөрч байв. Ийм л сэтгэл гонсойлгосон дүр зургийг амарч байхдаа харж байлаа. Амрагчдын дэг журам ч их сул юм. Шөнө оройн цагаар бусад амрагчдаа амраахгүй архи уун амгалан тайван байдал алдагдуулсан. Энэ бүхэн амралтын газруудад хамааралтай асуудал. Тэнд чинь зөвхөн монголчууд амраагүй шүү дээ. Гадаадын жуулчид ч гэсэн бий. Тэгэхээр тэндээс гадаадууд бидний талаар ямар сэтгэгдэлтэй үлдэх вэ. Ойлгомжтой шүү дээ. Үүнийг бас бодолцох л хэрэгтэй. Одоо жуулчны баазууд л хөгжих хэрэгтэй байна.

Ц.Одням: Аялал, жуулчлалын салбараа хөгжүүлье гэвэл боловсон хүчнээ сайн бэлтгэ

-Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурт долдугаар сарын 20-нд очиж амарсан. Биднийг очих үед амралтын гэр харьцангуй хямд байсан. Нэг гэр 20-60 мянган төгрөгийн үнэтэй юм билээ. Амралтын газрын ажилчдын харьцаа, үйлчилгээ маш муу байсан. Тухайлбал, зарим амралтын газар утсаар захиалга авч байгаа юм л даа. Тэгээд захиалга өгчихөөд очиж байхад л байрлах гэрийг бэлдээгүй байсан. Мөн гадны хүнийг хараад үнээ их нэмдэг юм билээ. Тогтсон үнэ гэж үгүй. Өөрөөр хэлбэл, хүний гадаад үзэмжээс шалтгаалан үнээ нэмж байх жишээтэй. Хоолны сонголтын хувьд ярих ч үгүй. Маш муу. Чанасан мах, хорхог, гуляш зэрэгхэн л байдаг. Түүнчлэн хөтөч хүмүүсийг хараад үнэхээр харамссан. Эх орноо мэддэг хүн хөтөч хийх хэрэгтэй. Хэн дуртай, мөнгө олох гэсэн нутгийн нэг хүн хөтөч хийгээд байж болохгүй биз дээ. Хөтөч, тайлбарлагчид манай улсын талаар зөв ойлголтыг өгөх хамгийн эхний хүмүүс шүү дээ. Ер манай улс аялал, жуулчлалын салбараа хөгжүүлье гэвэл боловсон хүчнээ сайн бэлтгэх хэрэгтэй.

И.Сарангэрэл: Үйлчилгээ, модон жорлон хоёроо сайжруулах­гүйгээр дотоодын байтугай гадаадын жуулчдыг ч татаж чадахгүй

-Манай гэр бүл жил бүр Булган аймгийн Буян-Агт суманд байрлах Хануй рашаанд очиж, амардаг. Энэ жил гурав дахь удаагаа явлаа. Тэнд 100 гаруй төрлийн рашаан, шавар эмчилгээ гэх мэтчилэн олон сайхан зүйл бий. Гэвч рашааныг тойроод маш их амралтын газартай. Амралтын газруудын хувьд олон жил болсон модон жорлонтой. Хэдэн ч жил байрнаас нь хөдөлгөж, шинээр бариагүй юм бүү мэд. Өдөр ирэх тусам юм хөгжиж байна шүү дээ. Жорлон, ялгадасыг бордоо болгодог бодис зэрэг олон зүйл гарчихаад байхад авч хэрэглэдэггүй юм билээ. Эрүүл ахуйн хувьд ёстой 0 оноо өгмөөр. Олон жил болсон жорлоны үнэр танар гэж авах юм үгүй. Хүмүүс аргагүйн эрхэнд л ордог. Мөн үйлчилгээ үзүүлэх гэхээсээ илүү ашиг олохоо нэн тэргүүнд тавьчихсан. Наадмын үеэр хүмүүс их ирдэг учраас гэр, байшингийнхаа үнийг нэмдэг. Угаасаа хүн их ирнэ. Эд нар орохгүй гээд хаачдаг юм гэсэн сэтгэлээр ханддаг юм шиг санагдсан. Гэр нэг хүний 25 мянган төгрөг байдаг. Олуулаа, гэр бүлээрээ явж байгаа үед нэг хүний 25 мянган төгрөг хэцүү шүү дээ. Дан гэр, байшин түрээсэлье гэхээр өгдөггүй. Заавал хоолоо тухайн амралтын газраас авах ёстой гэдэг. Уг нь энэ чинь хүний өөрийн сонголтын л асуудал шүү дээ. Манай улсад аялал жуулчлалын салбар хөгжих бүрэн боломжтой.  Гэвч “тэг” заасан үйлчилгээ модон жорлон хоёроо засахгүйгээр дотоодын байтугай гадаадын жуулчдыг ч татаж чадахгүй нь.

Б.Цэцэгмаа: Жуулчдын аюулгүй байдалд анхаарах нь зүйтэй

-Энэ зун Дархан, Сэлэнгэ, Төв Аймгийн нутгаар аялаад ирлээ. Сэлэнгийн  Сайханы Хөтөл орж үзлээ. Жуулчдад зориулаад тохижуулсан байна лээ. Орохдоо тасалбараа авна. Цаашаа ороход машины зогсоолд нь ердөө 10 гаруй машин зогсоод л зайгүй. Машин зогсоолоос Хөтөл рүүгээ өгсөхөд шат тавиад түүхэн дурсгалт хөшөө, зарим нэг хадыг шат дээрээс засч  тохижуулсан нь их сайхан санагдаж байсан. Хөтөл дээрээс хойшоо харахад Оросын хил харагдаад, мөн Орхон Сэлэнгийн сав бэлчэр цэлийтэл харагдаад үзэсгэлэнтэй байсан. Гэхдээ тасалбар авч байгаа болон Сайханы Хөтөл дээр ажиллаж байгаа хүмүүсийн жуулчдад анхаарал тавих  нь зүйтэй санагдсан. Өндөр  хавцал хаднаас унав,  халтирч цааш нь гулсав гэх мэт анхааруулга байвал зүгээр санагдсан. Мөн бие засах газар байгаагүй нь бас л манай улсын аялал жуулчлалын сул тал байлаа. Хөдөө холын замд явж байхад, зам жирийгээд сайхан. Гэхдээ хурд сааруулагч буюу хэвтээ цагдааг нэмж хиймээр санагдсан.

 

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин