Татвараас чөлөөлөх төслийг хэлэлцэхийг дэмжив
2016-09-01

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар  Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Сангийн сайд Б.Чойжилсүрэн төслийг танилцуулсан юм. “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг тус нийгэмлэг болон Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд И.Азизов ирүүлээд байгаа болно.

 

БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1949 онд байгуулсан хэлэлцээр болон одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчны хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварыг чөлөөлөх боломжгүй байна.

 

Татварын ерөнхий хуулийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан тул тусгайлсан хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх замаар тус нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшиийг онцгой албан татвараас чөлөөлөх боломжтой байгаа тул холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

 

Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасан тул дээрх хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгасан болно” хэмээлээ.

 

Уг хуулийн төсөл байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй байна. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

 

Мөн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин