Дэлхийн банкны гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа
2016-09-02

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Хэнам Чойг хүлээн авч уулзлаа. Ноён Хэнам Чой нь Австрали, Шинэ Зеланд, Солонгос, Монгол, Камбож зэрэг Ази, Номхон далайн 14 улс орныг Дэлхийн банкны захирлуудын зөвлөлд төлөөлдөг байна. 

 

Монгол Улс 1991 онд Дэлхийн банк, ОУВС-гийн гишүүнээр элсэн орсноос хойш 25 хамтран ажиллаж байна. Энэ жилүүдэд Дэлхийн банк нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт олон тооны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, техникийн туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

 

Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд зардлыг танаж, тэвчиж болох зардлыг багасгаж төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлого болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөгийн тулгарч байгаа эдийн засгийн хүндрэлт байдлыг богино хугацаанд даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар  олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Үүний дотор Дэлхийн банк дорвитой хувь нэмэр оруулж, бодлогын зөвлөгөө өгч дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Монгол Улсын эдийн засагт тулгараад буй богино хугацааны хүндрэлийг даван туулах, төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Дэлхийн банкнаас Хөгжлийн бодлогын зээл авах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

 

Монгол Улсад хэрэгжүүлэх боломж, ирээдүйтэй олон сайхан төсөл байгаа боловч хөрөнгө оруулагчид банк, санхүүгийн байгууллагын шаардлагад нийцсэн ТЭЗҮ бүхий төсөл цөөн байна. Томоохон төслийн ТЭЗҮ-г олон улсын шаардлага хангасан, өндөр түвшинд боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг хүслээ.

 

Нөхцөл байдал муудахаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээг шуурхай авч байгаа нь зүйтэй. Хүндрэлийг туулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж ажиллахаа Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Хэнам Чой илэрхийлэв.

 

Мөн Хөгжлийн бодлогын зээл авах хүсэлтийг Дэлхийн банкны захирлуудын зөвлөлд танилцуулж, тусламж дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өмнөд Со-нууд бол 50 оноос хойш АНУ-гийн гар хөлнүүд,АНУ бол дэлхийг боолчлох гэсэн новшнууд.
2016-09-02