Роман Былик: Надад дуучин болох хүсэл байгаагүй

Оросын "Звери" хамтлагийн залуус Монголд тоглолтоо хийгээд буцлаа. Тэдний тоглолт өчигдөр 20.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.
Тоглолт эхлэхээс өмнө 17.00 цагт зохион байгуулагчид болон тус хамтлагийн Роман Былик нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Энэ үеэр хамтлагийн ахлагч Роман Былик сэтгүүлчдийн сонирхсон цөөн асуултад хариуллаа.
-Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?
-Манай хамтлагийнхан дөнгөж өглөө ирсэн учраас Улаанбаатар хоттой сайтар танилцаж амжаагүй байна. Гэхдээ олон сайхан газраар явж үзнэ гэдэгтээ итгэлтэй байна.
-Байгуулагдаад 15 жил болжээ. Энэ хугацаанд 17 клипийг олон нийтэд хүргэсэн. Цөөн биш гэж үү?
- Тоо биш чанар чухал. Цөөн клиптэй ч гэсэн та бүхэн манай дуунуудыг сонсох дуртай, хайртай биз дээ.
-Таны хувьд яагаад дуучин болохыг хүссэн бэ?
-Надад багаасаа дуучин болъё гэсэн хүсэл байгаагүй. Ер нь сайн хүн, аз жаргалтай хүн болохыг л хүсдэг байлаа. Гэхдээ одоо хийж байгаа зүйл маань аз жаргалтай байлгаж чаддаг юм.
-Энэ цаг мөчид монголын залуус та бүхнийг догдлон хүлээж байна.
-Бид Монголд тоглох гэж байгаадаа үнэхээр баяртай байна. Би Монголын сонсогчидтойгоо хөгжмийн хэлээр ойлголцоно гэдэгтээ итгэлтэй байгаа.
Тус хамтлагийн уран бүтээлчид ОХУ болон Монгол Улсын хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан “ШАМК” Энтертэйнмент болон “Аист Монголиа” телевизийн урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн.
Тэд өнөө өглөөний нислэгээр нутаг буцжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ