Путин: Сирид чимээгүй өдөр хэрэгтэй
2016-09-06

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзлаа. Энэ талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.

 

 

БНХАУ-ын Ханжоу хотноо эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлдэг 20 гүрний төрийн тэргүүн нарын “Их 20” дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж дууслаа. Цэнхэр гаригийн хамгийн хүчирхэг гүрэн болох ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгчид сүүлийн үеийн асуудлаар ярилцжээ. Тэд Сири, Украины хямралын асуудлаар ярилцаж, хямралаас гарах гарцын талаар хамтдаа хэлэлцэв. Удирдагчид нэг цаг орчим уулзсан болохыг Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Эхний хагас цаг удирдагчид ганцаарчлан уулзсан бол сүүлийн хагас цагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хамтаар зарим асуудлыг хэлэлцсэн байна. Обама “Ноён Керри, Лавров нар надаас илүү Сирид өрнөж буй үйл явдлын талаар мэднэ. Тэд сардаа 1-2 удаа Сирийн талаар ярилцдаг. Тиймээс тэдний үзэл бодлыг сонсох нь хамгийн зөв” гэж мэдэгджээ.  

 

Керри, Лавров нар саяхан Женев хотноо уулзаж, Сирийн асуудлаар ярилцсан. Уг уулзалтын дараа хоёр гүрэн Сирийн Дамаск хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлж, зарим бүсэд нэн шаардлагатай тусламжийн бараа нийлүүлэх талаар тохиролцсон билээ.

 

Удирдагчид Сирийн хямралыг зогсоох хамгийн үр дүнтэй арга бол гал зогсоох гэдгийг дуу нэгтэйгээр дэмжжээ. Ерөнхийлөгч Путин “Гал зогсоох нь хамгийн зөв. Сирид хэрэгтэй чимээгүй өдөр. Энэ үед бид шуурхай хөдөлж сөргөлдөөний бүсэд байгаа иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, цаашлаад Засгийн газар болон сөрөг хүчнийг хэлэлцээрийн ширээний ард суулгах хэрэгтэй. ОХУ үргэлж Сирийн ард түмнийг хүндэтгэсэн шийдвэр гаргана. Тиймээс бид тус улсын тусгаар тогтнолыг хамгаалах ажилд ямар ч гүрэнтэй хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдье” гэж хэлжээ.

 

Харин Ерөнхийлөгч Обама “Бид гал зогсоох хэлэлцээрийг нэн даруй байгуулах нь зөв. Мөн Сирид исламын улсын хэдэн дайчин байгааг тогтоох хэрэгтэй. Сирид хэдэн ч өдөр гал зогсоож болно. Харин бидний хэлэлцээрийг террористууд биелүүлэхгүй. Тиймээс бид террористууд нухчин дарж, иргэд байршиж буй бүс нутгийг бүрэн чөлөөлөх нь хамгийн зөв” гэж мэдэгдсэн байна.  

 

Уулзалтын төгсгөлд нь тэд гал зогсоох хэлэлцээрийг дахин байгуулахыг зөвшөөрчээ. “Тун удахгүй гал зогсох бүс нутгуудын нэрс тодорхой болно” хэмээн Керри мэдэгдлээ.

 

Өмнө нь Алеппо хотноо 72 цаг гал зогсоох хэлэлцээрийг амжилттай байгуулсан. Энэ хугацаанд тус хотын 1200 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Харин Дамаск хотноо байгуулсан гал зогсоох хэлэлцээр хэдхэн цагийн дараа хүчингүй болсныг сөрөг хүчний дэмжигчид баталсан юм. Армийнхан сөрөг хүчний дэмжигчид рүү гал нээсний улмаас бүтэн өдөр үргэлжилсэн тулаан болсон аж.

 

Кремлийн хэвлэлийн алба өнгөрсөн сарын 14-нд ““Их 20” хурлын үеэр Путин, Обама нарыг уулзана. Тэд Сирийн асуудлаар ярилцана” хэмээн мэдээлсэн. Харин удирдагчид Сирийн асуудлаар ярилцсаныхаа дараа Украины талаар ярилцсан болохыг Цагаан ордон баталлаа. Вашингтон “Украинд хяналтаа тогтоохыг санаархдаг салан тусгаарлагчдыг Оросууд санхүүжүүлдэг” хэмээн мэдэгддэг бол уг мэдээллийг Москва эрс үгүйсгэдэг юм. Украины хямралаас үүдэж хоёр улсын харилцаа муудсан гэхэд болно. Обама саяхан Москвагийн эсрэг тавих хоригоо хагас жилээр сунгаж буйгаа мэдэгдсэн билээ.

 

Украины дотоодын хямралаас болж муудалцдаг ч Сирийн асуудлаас болж хоёр улс дайсагнахад хүрсэн. Олон улс 2013-2014 онд Украины алхам тутмыг ажиглаж, дүн шинжилгээ хийдэг байсан. Харин шинэ он эхлээд Украины асуудал тийм ч анхаарал татахаа больж олон улс Сири буюу Ойрхи Дорнодын асуудалд анхаарлаа хандуулан гарц хайж эхэлжээ.

 

“АНУ болон Орос исламын улсыг нухчин дарахаар тэмцэх үеэр Украины зүүн хязгаар Сириэс дутахааргүй хүнд байдалтай нүүр тулав. Үргэлжилсэн тулааны улмаас олон улс зүүн хязгаар дахь тусламжаа зогсоосон. Өнөөг хүртэл Москва зүүн хязгаарыг иргэдийг хооллож байна. Зүүн хязгаарт гурван сая иргэн дайны үеийг санагдуулах хүнд нөхцөлд амьдарсаар. Украины армийн цэргүүд салан тусгаарлагчдын хооронд байнга тулаан болж, өдөрт хамгийн багадаа 30 энгийн иргэн амиа алдаж байна” хэмээн Украинд суугаа НҮБ-ын төлөөлөгч мэдэгдсэн юм.

 

Обама “Украины асуудлыг шийдвэрлэхийн тулд “Нормандын дөрвөл” байнга уулзах хэрэгтэй” гэж мэдэгджээ. “Нормандын дөрвөл”-ийн гишүүдийг өөрчлөх асуудлаар удирдагчид хэлэлцэж эхэлсэн. Тус холбоонд ОХУ, Герман, Франц болон Украин багтдаг. Украины Гадаад хэргийн сайд “Уг холбоонд БНХАУ, АНУ багтах сонирхолтой байгаа” гэжээ.  Уг саналыг ОХУ хүлээн авсан бол Герман, Францын удирдлагууд хараахан саналаа хэлээгүй байгаа юм байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин