Төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр буурна
2016-09-06

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан холбогдох албаны хүмүүс гишүүдийн асуултад хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:


-Төсвийн тодотголын алдагдал 4.4 их наяд болжээ. Хамгийн харамсалтай нь бүх зардлууд нь гарчээ. Энэ их наядаар тоологдох зүйлийг ирэх саруудад яаж санхүүжүүлэх вэ? Засгийн газар 2.5 их наяд төгрөгийг нь үнэт цаас хэлбэрээр  гаргаж,1.4 их наядыг нь зээл авч байж зохицуулах төлөвлөгөө танилцуулжээ. Харамсалтай нь Монгол банк өөр  байр суурьтай байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд  төсөв, мөнгөний бодлого хоорондоо ямар ч уялдаагүй явж байгаад эдийн засгийн хүндрэл үүссэн. Үлдэж  байгаа хугацаанд 2.5 их наяд төгрөгийн дотоодын үнэт цаас гаргана гэж байна. Харамсалтай нь дотоодын үнэт цаасыг худалдаж авах арилжааны банкнуудын үнэт цаас дээд хэмжээндээ хүрчихээд байгаа юм байна.  Засгийн газар үнэт цаас гаргалаа ч худалдаж авах арилжааны банк алга. Тийм учраас Засгийн  газраас өргөн барьж байгаа энэ оны төсвийн тодотголыг 1-2 их наяд төгрөгөөр бууруулаач гэсэн бодлого барьж байгаа юм шиг байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн бодлого, Монгол банкны барьж байгаа мөнгөний бодлого хоёр хоорондоо зөрчилдөөд байгаа. Тэгэхээр үлдсэн хугацаанд Засгийн газраас гаргахаар төлөвлөж байгаа 2.5 их наяд төгрөгийг худалдаж авч чадахгүй эрсдэл үүсвэл яах вэ?

 

Дээрээс нь Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Үүний гол шалтгаан нь макро эдийн засгийн бодлогын арга хэмжээг тодорхой бус гэж үзжээ.  Эдийн засгийн хүндрэлээс ямар арга хэмжээг авч даван туулах нь тодорхой учир бид гадаадын зах зээлээс мөнгө босгож чадахгүй байх бодит хүндрэлтэй тулгараад байна. Үүнийг тооцсон уу?

 

УИХ-д Монголбанкнаас   бичиг ирүүлжээ. Уг  бичигт “Төв банкны хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Засгийн газар өргөн барьжээ.  Харамсалтай нь энэ хуульд өөрчлөлт оруулахдаа  Монгол банкнаас  санал аваагүй” гэсэн байна. Энэ нь Засгийн газар Монгол банкнаас  санал аваагүй байх юм.  Дээр нь өнөөдөр Хөгжлийн банкинд хэдий хэмжээний мөнгө байна вэ? гэсэн асуултыг тавьсан юм.  Үүнд  Сангийн яамны мэргэжилтэн:

 

-Өргөн барьсан тодотгол дээр эх үүсвэр талдаа  дутагдалтай зүйл байгаа. Гэхдээ эхний хагас жилд төсвийн алдагдлын санхүүжүүлэхээр УИХ-аар өгсөн бондууд гарсан. Эрсдлүүдийг бид тооцсон. Нэмж бонд гаргах байдлаар явна. Бондуудад эх үүсвэр талдаа эрсдэл үүсвэл төсвийн зардлуудаа эрэмбэлсэн дарааллаар санхүүжүүлнэ.   Энэ онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 1.3 их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөсөн. Энэ талаар Монгол банктай зөвшилцсөн гэлээ. Харин Монгол банкны дэд Ерөнхийлөгч н.Лхагвасүрэн:

 

-Өнөөдөр Монгол банкинд байгаа төв банкны үнэт цаасны үлдэгдэл 1.1 их наяд байна. Энэ нь өөрөө банкуудад байгаа нийт чөлөөт эх үүсвэрийг татсан хэмжээ. Ханшны савлагааны дараа Монголбанк бодлогын хувьд өөрчлөгдөөд урт хугацаанд үнэт цаас гаргах болсон.  Богино болон урт хугацаатай үнэт цаасны үлдэгдэл нь 1.1 их наяд төгрөг гэсэн үг. Хамгийн урт хугацаатай үнэт цаас 84 хоног байдаг. Засгийн газрын хувьд санхүүгийн салбараас үнэт цаас босгоход төвөгтэй болсон. Учир нь банкууд чөлөөтэй байгаа үлдэгдлээ төв банкны үнэт цаасанд байршуулсан. Төвбанкнаас Засгийн газарт зээл олгох дээд хязгаар байдаг.  Энэ нь сүүлийн 3 жилд Засгийн газарт орсон орлогын 10 хувиас хэтэрч болохгүй гээд заасан байгаа. Мөн тухайн жилийнхээ алдагдлыг хааж байгаа учир Монгол банкинд энэ ондоо багтаж хаагдах  ёстой байдаг гэсэн зарчим үйлчилдэг.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:


-Орлого төлөвлөлт яаж хийгдсэн бэ? Орлого талаа огцом 6 их наяд төгрөгөөр  бууруулжээ. Нүүрсний үнэ ирэх 4 сард хэдэн доллараар нэмэгдэх юм бэ?  Барилгын хөрөнгө оруулалтын үнэ гэж 624 тэрбум төгрөг нэмжээ. Мөн эргэн төлөгдөх дотоод цэвэр үнэ гэж 854 тэрбум төгрөг нэмээд 1.5 их наяд төгрөгийг огцом нэмэгдүүлжээ. Энэ хаанаас гараад ирсэн бэ?  Та нар төсвийн тодотголын савлагаар 2017 онд багтаан засч чадах уу? хэмээлээ. Үүнд  Сангийн яамны мэргэжилтэн:

 

-Энэ оны тодотголд орлогыг бууруулж тооцсон.  Төлөвлөж байсан хэмжээнээс импорт 20 орчим хувиар буурсан. Энэ онд 4.5 тэрбум ам.долларын импорт хийнэ гэж тооцсон нь 20 хувиар буурсан. Үлдэж байгаа хугацаанд импорт нэмэгдэх боломжгүй. Мөн татварын бус орлого дээр бууралт байгаа. Энэ онд 170.8 тэрбум төгрөгийн өмч хувьчлал явуулна. Үүн дотроо Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчилна гэж тооцсон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ хувьчлал хийгдээгүй учир 170 тэрбум төгрөгийн орлого төсөвт орох боломжгүй. Мөн газрын тосны орлого 140 тэрбум төгрөгөөр буурч байгаа. Үнэ нь он гарснаас хойш бидний тооцож байснаас доогуур байна. Нөгөө талдаа гадаад тусламжийн орлого 256.3 тэрбум төгрөгөөр буурсан. БНХАУ-аас буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн гүйцэтгэл  төлөвлөсөн хэмжээндээ хүрэхээргүй байгаа.  Нөгөө талдаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон экспортын бууралттай холбоотой. Зэсгийн үнэ 5000 ам.доллараас доош байгаатай холбоотой орлогоо алдаж байгаа юм. Эдийн засаг төлөвлөсөн хэмжээнээс өсөлт буурсан.  Бидний тооцож байгаагаар 1.6 их наяд төгрөгөөр төсвийн орлого буурахаар байна. Боловсруулсан нүүрсний үнэ сүүлийн үед зах зээлд  өсч байгаа.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
орох орлого ер нь байна уу ямар эх үүсвэр хаанаас олох вэ
2016-09-06