Б.Мягмар: Эмч нар ажил хаяна

Б.Мягмар: Эрүүл мэндийн ажилтны тэтгэмжийг бууруулбал эмч нар ажил хаяна
Засгийн газраас 2016 оны төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарт 25-аас дээш жил ажилласан эмч, ажилтнуудад тэтгэвэрт гарахад нь олгодог 24-36 сарын тэтгэмжийг 1-12 сар болгон бууруулахаар тусгасан байгаа билээ. Тэгвэл Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон эмч, эмнэлгийн ажилтнууд үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийсэн юм. Мөн Засгийн газарт тодорхой шаардлага хүргүүлж байгаа бөгөөд биелүүлээгүй тохиолдолд ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмараас зарим зүйлийг тодрууллаа.
-Хэрвээ төсвийн тодотголоор эрүүл мэндийн ажилтнуудын тэтгэмжийг хасвал ажил хаялт хийх үү?
-Хэрвээ төсвийн тодотголоор эрүүл мэндийн ажилтнуудад олгодог мөнгөн тэтгэмжийг одоо байгаа төвшнөөс нь бууруулах юм бол Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2015-2016 оны улсын гурван талт хэлэлцээрийн 1.13 дахь заалт хэрэгжихгүй болно. Тэнд “Төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог мөнгөн тэтгэмжийг хүрсэн төвшнөөс нь бууруулахгүй байх бодлого баримтална” гэж зааж өгсөн. Энэ заалт хэрэгжихгүй болбол Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын маргааны асуудал яригдана. Эрүүл мэндийн болон боловсролын салбарынхан хамтын маргаан үүсгэж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх хэмжээнд ч тулж магадгүй. Хамтын маргаан гэдэг маань жагсаал цуглаан, суулт, цаашлаад ажил хаялт руу шилжинэ гэсэн үг.
-Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд шат дараатайгаар шаардлага, хүсэлтээ хүргүүлсэн биз дээ?
-Бид наймдугаар сарын 25-наас хойш намын бүлгүүд, УИХ, салбарын сайдад санал, шаардлагаа хүргүүлсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд өндөр цалинтай хүмүүсийн цалинг танахгүй байя. 30 сая авдаг нь тэрийгээ аваг. 3 сая авдаг нь цалингаа авч байг. Өндөр хадгаламжтай хүмүүс нь ашиг орлогоо олж л байг гээд орхичихсон мөртлөө дунджаас доогуур орлоготой эрүүл мэнд, боловсролын байгууллагын халаас руу гар дүрж байна. Өнгөрсөн хугацаанд удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн. Одоо бол тэмцэл хөдөлгөөнөө өрнүүлнэ.
-Шаардлага өгөхөд ямар нэгэн хариу өгөөгүй юм уу?
-Нэг байгууллага ямар нэгэн хариу өгөөгүй. Нэг ч удаа холбогдоогүй. Бид холбогдох гэж маш олон удаа оролдсон. Бид хариу өгнө, энэ бол батлагдаагүй байгаа асуудал, хэлэлцэж байна, эцсийн шийдвэр биш гэсэн бүдэг бадаг л хариу өгдөг байсан. Ингэж явсаар өдий хүрлээ.
-Салбарын сайд ямар бодлого барьж байна?
-Сайд бууруулахгүй байх талаас нь ажиллана, хичээж байна аа л гэсэн. Хичээгээд яах вэ дээ, эрх мэдлээс нь давсан, УИХ дээр оччихсон асуудал шүү дээ. Тэгэхээр одоо УИХ ямар шийдвэр гаргахыг харж л байна. Хэрвээ эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тэтгэмжийг хасвал ажил хаях хүртэл тэмцэл өрнүүлнэ дээ.
Эх сурвалж:mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ