И.Бадрал: Шивээс уран зургийн нэг төрөл
2016-09-14

“Зарим шивээсийг нэг өдөр хийж амжихгүй маргааш нь үргэлжлүүлж хийхээр болдог. Энэ үед нөгөө шивээсээ бодсоор хононо. Шивээс хийхгүй хэд хоноход л хэцүү байдаг. Тиймээс энэ дуртай ажлаа хэзээч орхихгүй” хэмээх өгүүлбэрээр ярилцагч маань өөрийгөө тодорхойлчих шиг. Өөрийн сонирхлоо ажил болгож чадсан И.Бадрал хэмээх залуугийн содон ертөнцөд түр саатлаа.  

 

 

-Та хэчнээн жил шивээс хийж байна вэ.

-Миний хувьд сонирхож эхлээд 10 гаруй жил болж байна. Харин сонирхлоо ажил болгоод долоон жил өнгөрчээ. Дунд сургуулийн сурагч байхдаа шивээс хийлгэсэн хүмүүсийг их ажигладаг, яаж хийдэг юм бол гэж судалдаг байсан. Удалгүй гарын доорх материал ашиглан шивээс хийж эхэлсэн. 

 

-Бага байхдаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв. Шивээсчин болоход юу нөлөөлөв?

-Зураач болохыг хүсдэг байлаа. Намайг бага байхад шивээсчин гэдэг мэргэжил байгаагүй. Байсан бол шивээсчин болно л гэх байсан. Аав маань зурдаг хүн байсан. Тэр авьяасыг нь өвлөсөн байх. Би айлын том хүү. Дороо нэг дүүтэй. Шивээсчин болоход ээж, эхнэр нөлөөлсөн, бүгд дэмжсэн. Багадаа метал рок хөгжим сонсдог байсан. Энэ нь бас нөлөөлсөн.

 

-Та биедээ нэлээдгүй шивээстэй юм байна. Шивээс хийлгэхэд, хийхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Хийлгэх мэдрэмжийг хүн бүр өөрийнхөөрөө мэдэрдэг байх. Гэхдээ тодорхой хэмжээний өвдөлт мэдрэгдэнэ. Нэг хийлгэсэн байхад насан туршдаа байх зүйл тул хэсэг хугацаанд гүрийгээд хийлгэхэд зүгээр. Шивээс арилдаггүй. Лазердлаа ч сорив үлддэг. Сорив байснаас шивээс байсан нь дээр. Өвдөлтөө мэдрүүлээд ёооё гээд байхаар хийж байгаа хүндээ ч хэцүү байдаг. Олигтой шивээс болдоггүй. Харагдах байдлаасаа, өнгөн тал харж хийлгэж байгаа хүн байна. Бэлгэдэл болгож хийлгэж байгаа ч хүн байна. Шивээс хийх бол миний хобби. Тиймээс энэ мэдрэмж үнэхээр гайхалтай байдаг. Зарим шивээсийг нэг өдөр хийж амжихгүй маргааш нь үргэлжлүүлэхээр болдог. Энэ үед нөгөө шивээсээ бодсоор хонодог. Шивээс хийхгүй хэд хоноход л хэцүү байдаг. Тиймээс энэ дуртай ажлаа хэзээ ч орхихгүй.

 

-Та шивээсийг юу гэж тодорхойлох вэ?

-Арьсан дээрх амьд урлаг гэж боддог. Шивээсний тусламжтайгаар амьдрал дээрх бүх л зүйлийг арьсан дээр буулгаж болно. Бас уран зургийн нэг төрөл.

 

 

Хүний нүдэн дээр ч шивж болно

 

-Ихэвчлэн ямар төрлийн шивээс хийж байна?

-Моод гэж байдаг даа. Нэг хүн шар шувуу хийлгэлээ гэхэд тэр жил хүмүүс тийм зүйл шивүүлэх ч юм уу, тийм зүйл байхаа больсон. Шивээс анх манайд үүсэхэд хэдхэн төрлийн шивээс байдаг байсан. Одоо хүн өөрийнхөө бэлгэдэл болсон зүйлээ, өөрийн сонирхлоо, сэтгэл зүрхэнд байдаг зүйлээ шивүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, туйлшрахаа больсон.

 

-Та гадаад оронд очиж шивээс хийдэг юм билээ. Үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн холбогддог вэ.

-Монголд суурин байж зургаан жил шивээс хийсэн. Солонгос, Америкаар явж шивээс хийдэг болоод нэг жил боллоо. Үйлчлүүлэгчидтэйгээ Фэйсбүүкээр холбогддог. Ерөнхийдөө монголчууд байдаг юм.

 

-Энэ урлагийг олон улстай харьцуулахад манайх ямар хэмжээнд явна вэ?

-Шивээс сүүлийн хоёр жилд манай улсад эрчимтэй хөгжиж байна. Олон улсад өнгө, будгийн хувьд сайн хөгжсөн. Бидний мэдэх 12 өнгөнөөс салаалсан хэдэн зуун өнгө бий. Манай улсад тэр олон өнгө орж ирээгүй ч бид араас нь нэхэж л явна. Тэр өнгө, будгууд  ороод ирвэл манай шивээсчдийн чадвар, хийц хаана ч гологдохгүй. Бат-Ирээдүй ах Хятадад болсон шивээсчдийн уралдаанд хоёрдугаар байрт орсон. Миний хүндэлдэг хүний нэг.

 

-Шивээс хийлгэсэн хүн дахин хийлгэхийг хүсдэг. Нэг ёсондоо донтдог гэдэг. Ийм зүйл ажиглагдсан уу?

-Муу шивээс хийлгэсэн хүн шивээсийг үзэн ядна. Сонголтоо зөв хийгээд, бас сайн шивээсчинтэй таарсан бол дахин хийлгэхийг хүсдэг.

 

 

 

Насанд хүрээгүй хүүхдэд шивээс хийх дургүй

 

-Шивээс хийлгэж болохгүй биеийн хэсэг гэж байдаг уу?

-Эрүүл ахуйн хувьд хийж болохгүй газар гэж байхгүй. Хүний нүдэн дээр ч шивж болно. Монголд л хийдэггүй болохоос. Гэхдээ хийхэд тохиромжгүй хэсэг гэж байдаг. Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд шивээс хийлгэдэг болсон. Эмэгтэй хүн хэвлийдээ шивээс хийлгээд дэмий. Хүний биеийн хамгийн их өөрчлөгддөг хэсэг нь хэвлий. Охидууд ирээдүйд ээж болно. Гэдэс язарна. Энэ үед өнөөх сайхан шивээс баяртай болно шүү дээ. Шивээсээр сорив дарж болно. Хуучин, муу шивээсийг далдалж болно. Сорвин дээр хийсэн шивээс жирийн арьсан дээрх шивснээс арай бүдэг ордог. Гэхдээ сорив байснаас шивээс байсан нь дээр шүү дээ.

 

-Шивээс хийлгэхэд юунд анхаарах хэрэгтэй вэ? Та зөвлөөч.

-Хамгийн түрүүнд сонголтоо зөв хийх хэрэгтэй. Би үйлчлүүлэгчээсээ “Сайн бодсон уу. Харамсахгүй биз” гэж асуудаг. Мөн шивээсчнээ судлах хэрэгтэй. Дараа нь тухайн шивээсчний багаж материалтай танилц. Зүү, хошуу, бээлий, аяга, сав бүгд нэг удаагийнх байх ёстой. Сүүлд нь зөв эдгээх хэрэгтэй. Цэвэр орчинд байлгаж, оролдохгүй байж чадвал 5-10 хоногт эдгэнэ. Буруу эдгээвэл сар болно.

 

-Хэдэн наснаас дээш хүнд шивээс хийдэг вэ?

-Насанд хүрээгүй хүүхдүүдэд шивээс хийх дургүй. Гэхдээ тэд шивээс хийж чадахгүй хүн дээр очоод арьсаараа тоглуулчих гээд байдаг. Тиймээс ээж, аавын зөвшөөрлөөр хийдэг. Монголд 18, Солонгост 21, Америкт 16 наснаас дээш насныханд хийдэг. Хүүхдүүдэд хэлэхэд, хүзүү, гар зэрэг ил харагдах хэсэгт шивээс хийлгээд хэрэггүй. Ирээдүйд ямар ч ажил хийх юм билээ.

 

-Таны зорилгыг сонсвол?

-Олон улсын фестивальд оролцох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шивээсчин болох. Шивээс хэмээх урлагийг урлагийн түвшинд монголчууддаа, залуустаа ойлгуулах.

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин